fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхэд багачуудын хэзээний танил болоод буй Аами, Таами хоёр бяцхан үлэг гүрвэл "Маамуу"-гийн шинэ бүтээлээрээ дахин уулзах гэж байна.

Бүтээлч, шинэлэг санаагаар баялаг, хүүхдэд зөв зан үйл, монгол сэтгэлгээг түгээх 0-8 насны багачуудын нас, сэтгэхүйд тохирсон телевизийн хүүхдийн нэвтрүүлэг тун удахгүй дэлгэцнээ гарах юм.

Энэхүү нэвтрүүлгийг жүжиглэх, дуулах, шүлгийг уран яруу унших зэрэг урлагийн олон төрлийн авьяастай, сэргэлэн цовоо П.Ихэрбаяр, Э.Анужин хоёр Амина, Тамираа нэртэй хоёр хүүхдийн дүрээр хөтлөн явуулах билээ. 

Тиймээс “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Маамуу" төслийн ерөнхий продюсер Г.Гантуяа хоёр хөтлөгчтэйгөө  хамтран ажиллах гэрээнд ээж болон эмээтэй нь гарын үсэг зурсан юм.

“Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа:

ХҮҮХДҮҮДЭД ЗӨВ ДАДЛЫГ ОЛГОЖ, ЁС ЗҮЙ, ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭНЭ

-“Маамуу” хүүхдийн нэвтрүүлгийг ямар зорилготой бүтээж байна вэ?
-“Маамуу” төсөл бүхэлдээ хүүхдийг сурган хүмүүжүүлж, тэдэнд зөв дадлыг олгон, ёс зүй эерэг хандлагыг түгээнэ гэсэн зорилготой стратегийн цогц төсөл.

Одоогоор бид хүүхэлдэйн киноны дөрвөн анги, бүтээлч ном, стикер, хөгжүүлэх, анимейшний ном, хөлөгт тоглоом, рубик шоо, телевизийн нэвтрүүлэг, цахим хуудас зэрэг хүүхдийн оюун сэтгэлгээг хөгжүүлэх бүтээлүүд гаргаад байна. Цаашид биет тоглоом гаргана. Мөн үүний дагуу үндэсний үйлдвэрлэгчдэдээ  дүр ашиглалтын лицензийг өгч байна.

30 минутын нэвтрүүлгийн 50 хувийг анимейшн, 50 хувийг видеогоор гэсэн хосолмол хэлбэрээр хийхээр зорьж байна.

Олон улсад хүүхдийн нэвтрүүлгийн чиг хандлага видео хэлбэрээс анимейшн рүү шилжиж байна. Харин Монголд уламжлалт буюу видео нэвтрүүлэг түгээмэл байдаг. Учир нь видеотой харьцуулахад анимейшн  төрлийн контент олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг тул өндөр өртөгтэй.

Манай төслийн баг нэвтрүүлгээ анимейшн хэлбэрээр гаргавал илүү хүртээмжтэй гэж  үзсэн. Гэвч дээр дурдсан нөхцөлийн улмаас 30 минутын нэвтрүүлгийн 50 хувийг анимейшн, 50 хувийг видеогоор гэсэн хосолмол хэлбэрээр хийхээр зорьж байна.

Тухайлбал, Амина, Тамираа  хоёр хөтлөгч Аами, Таами хоёртойгоо харилцан ярилцах хэсгүүд багтахаас гадна үлгэр, дуу, танин мэдэхүйн контентуудыг анимейшн хэлбэрээр оруулна.

-Хөтлөгч хүүхдүүдээ хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
-Олон хүүхдээс сонгосон. П.Ихэрбаяр, Э.Анужин хоёр драмын дугуйланд явдаг, авьяаслаг, хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд.  Энэ хоёроороо дамжуулан  бага насны хүүхдэд дутагдалтай байгаа танин мэдэхүйн мэдээлэл, зөв дадал, үлгэр дуурайл болохуйц бүхий л зүйлийг 0-8 насны 300 мянган хүүхдэд хүргэх юм.

Цаашид хоёр хөтлөгч маань нэвтрүүлгээсээ гадна гэр бүл, олон нийтийн газар, сургууль дээрээ биеэ зөв авч явж, бусдад үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна.

-Нэвтрүүлгээрээ дамжуулж хүүхдүүдэд юу “өгөх” вэ?
-Орчин үеийн хүүхдүүд гаднын контент их үзэж байгаа учраас хэл ярианы хөгжлийн асуудал яригдаж байна. Эцэг эхчүүд бид маш товч ярьж, гаднын үг хэллэг их хэрэглэдэг. Тиймээс хүүхдүүддээ монгол хэлний сайн сайхан үгнүүдийг хэрэглэн, зөв ярихад нь дэмжлэг үзүүлнэ.

“Маамуу” нэвтрүүлгийн зохиолч, Хүүхдийн зохиолч А.Найгалмаа:

ХҮҮХДЭД БАГААС НЬ ЗӨВ ДАДАЛ ХЭВШИЛ ОЛГОВОЛ БИЕ ХҮН БОЛСОН ХОЙНО НЬ Ч ХЭВЭЭР ҮЛДДЭГ

-Нэвтрүүлгийн онцлогийн талаар ярихгүй юу?
-Нэвтрүүлэг маань бага насны хүүхдийн танин мэдэхүй, хүмүүжил төлөвшилд зориулагдсан. Бага насны хүүхдүүд зурагт үзэж эерэг сөрөг олон зүйлийг даган дуурайдаг. Тиймээс бид хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарсан, агуулгыг их бодсон.  Мөн монгол уламжлал, өв соёлоо зохиолдоо тусгахыг хичээлээ. Хэдийгээр хүүхдийн гэсэн тодотголтой ч гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн санаа авахаар, сэдэл төрүүлэхээр зүйлийг нэвтрүүлэгтээ онцолж байна. Мэдээж дуу дуулж, үлгэр ярьж, шүлэг заадаг гэх мэт уламжлагдсан контент багтаасан.

Хэдийгээр хүүхдийн гэсэн тодотголтой ч гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн санаа авахаар, сэдэл төрүүлэхээр зүйлийг нэвтрүүлэгтээ онцолж байна.

-Нэвтрүүлэг дотроо хоёр хэсэгт хуваагдана гэсэн?
-Тийм ээ. Эхний хэсэгт Амина, Тамираа хоёр хөтлөгч маань танин мэдэхүйн мэдээллээ сонирхолтой хэлбэрээр өгч, хоёрдугаар хэсэгт Аами Таами хоёр маань гарна. Тэр хэсэг  нь 0-4 насныханд зориулагдсан бөгөөд Аами Таами хоёр нь эхний хэсгийн танин мэдэхүйн агуулгыг бататгах юм.

-Монгол ёс заншлаас гадна гараа угаах, шүдээ хэрхэн эрүүл байлгах, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох зэрэг агуулгыг багтаасан байсан?
-Ёс заншил, уламжлал, хүүхдэд зөв дадал хэвшил олгох, танин мэдэхүйн зэрэг олон сэдэвтэй. Хүүхдэд гар, шүдээ угаах, хувцсаа эвхэх, мэндлэх, хүндлэх зэрэг дурдаад байвал маш олон эерэг дадал хэвшлийг багаас нь олговол бие хүн болсон хойно ч тэр нь үлддэг. Мөн хүүхдийн нэвтрүүлэг хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, үгийн баялгийг нэмэгдүүлэх, зөв үлгэр дуурайл өгөх ач холбогдолтой байх хэрэгтэй. Тухайн насанд нь тохирсон үг хэллэгтэй дуу шүлгийг хүртэл сонгох шаардлагатай юм.

-Зохиолд таны зохиосон дуу шүлэг бий юу?
-Миний зохиосон шүлгүүд бий. Жишээ нь дүүтэй болно гэдэг бага насны хүүхдийн хувьд маш том өөрчлөлт. Энэ тухай нэг дугаартаа бичлээ. Дүүгээ хайрлаж, хурдан том болоосой, хөлд, хэлд ороосой, хэзээ намайг ах, эгч гэж дуудах юм бол гэж хүлээдэг тухай. Нэвтрүүлгийн агуулгад тохируулан шинэ дуу, шүлэг бичих шаардлага гарч байна.

-Та хүүхдийн сэтгэлзүйг хэр мэддэг, мэдэрдэг вэ. Энэ талаар судалдаг уу?
- Бага насны хүүхдэд зориулсан шүлэг, зохиол бичээд 7-8 жил болсон. Энэ насныхаа хүүхдийн сэтгэлзүйг мэдэхгүйгээр бүтээл гаргах боломжгүй. Тиймээс сэтгэл судлалаар магистрт суралцсан. Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаар судалгааны ажил хийж байгаа учраас нэвтрүүлгийн зохиолоо бичихэд дөхөмтэй байдаг.

Мөн хүүхэд гэхээр л хошин шогийн эсвэл алиа марзан юманд дуртай гэж боддог. Гэтэл...

-Бусад нэвтрүүлгээс юугаараа онцлогтой гэж та бодож байна вэ?
-Бусад нэвтрүүлгүүдтэй харьцуулахад өөрийн гэсэн бүтээгдэхүүн, баатар, дүртэй.  Хүүхэлдэйн кино маш өндөр өртгөөр, удаан хугацаанд бүтдэг. Тийм болохоор хүүхэлдэйн киноны дараа дараагийн ангийг бүтээх хооронд хүүхдүүдэдээ "Маамуу" нэвтрүүлэг тасралтгүй хүрнэ гэсэн үг. “Маамуу” үндэсний төсөл цогцоороо хүүхэд бүрт хүрнэ.

Хүүхдийн зарим нэвтрүүлэг хэт арилжааны шинжтэй байдаг. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад бэлэг өгөөд аргацаагаад байдаг талтай. Үүнийг манай нэвтрүүлэг "эвдэж" байна гэж би харж байна.

Мөн хүүхэд гэхээр л хошин шогийн эсвэл алиа марзан юманд дуртай гэж боддог. Гэтэл яг үнэндээ жижигхэн биетэй боловч хүн шүү дээ. Том хүн аядуу зөөлөн хоолойг сонсохоороо тайван амгалан болж, хэтэрхий чанга орилсон дуу хоолойнд ядардаг шүү дээ. Хүүхэд ч гэсэн яг л бидэнтэй адил. Бид тэдэнд зориулж заавал хоолойгоо шахаж яриад байх шаардлагагүй. Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг хүүхдээр нь яриулна.

"Маамуу" нэвтрүүлгийн хөтлөгч П.Ихэрбаяр:

ХҮҮХДҮҮДЭД  АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭНЭ ГЭЖ БОДОХООР САЙХАН САНАГДАЖ БАЙНА

Амина, Тамираа нэртэйгээр нэвтрүүлгийг хөтлөх хөтлөгч Э.Анужин, П.Ихэрбаяр нартай ярилцлаа.

-Э.Анужин Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид суралцдаг юм билээ. Жүжиг, кинонд хэзээнээс тоглож эхэлсэн бэ?

Э.Анужин :

-Багаасаа урлагт сонирхолтой байсан.  Аав маань бүжигчин. Аав ээж хоёр ярилцаад намайг урлагийн чиглэлээр суралцуулъя гээд Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулсан. Сургуульд орохын өмнөх жил нь Д.Саранхүү багшийн удирдлага дор "Цоглог" студид драмын дугуйланд явж эхэлсэн юм. Тэр дугуйландаа олон жил явж байна. Телевиз, тайзны урлагт Д.Саранхүү багш маань хөтөлсөн.

-П.Ихэрбаяр Уран жиргээнд оролцож хот, улсын тэмцээнүүдэд нэгдүгээр байр эзэлж байсан. Шүлэг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

П.Ихэрбаяр:

-Намайг гуравдугаар  ангид байхад ээж Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан. Ө.Нямсүрэн багшийн шавь. Драмын дугуйланд долоон жил явж байна. Багш маань надад шүлгийг хэрхэн уран яруу унших, бусдад түгээх, дотроосоо ойлгож уншихыг зааж өгч байлаа. Урлагт оруулсан багш минь юм.

-Хүүхдийн нэвтрүүлэг өөрийн гэсэн онцлогтой. Та хоёрын хувьд нэвтрүүлэг хөтлөхөд ямар ур чадвар шаардаж, ямар байх ёстой гэж бодож байна вэ?

Э.Анужин:

-Би  16 настай. Бид бага насны хүүхдэд ойр дотно мэдрэмж төрүүлэх ёстой гэж боддог. Хүүхдийн нэвтрүүлэг бусад нэвтрүүлгээс өвөрмөц, содон гоё санагддаг. Бид ямарваа нэг зүйл ойлгомжгүй ярьчихвал хүүхэд хүлээж авахгүй өнгөрөөнө. Тиймээс  хүүхдийн анхаарлыг татахуйц, сонирхолтой, энгийн, ямар ч хүүхэд үзсэн үлгэр дуурайл болох, "ямар гоё нэвтрүүлэг вэ", "би бас ингэмээр байна" гэсэн бодол хүслийг төрүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

П.Ихэрбаяр:

Томчууд болохоор тэр бүр бодсоноо ил гаргадаггүй, хоорондоо шивнэлдээд л өнгөрдөг бол хүүхдүүд цайлган, бөөнөөрөө шуугилдаж инээгээд, аз жаргалыг тэр даяар түгээдэг.

-Маамуу бол 0-8 насныханд зориулсан нэвтрүүлэг. Тэдний сэтгэлгээнд таарсан, тэд юу хүлээж авч байна гэдэг талаас нь  нэвтрүүлгээ хөтөлж, аливаа юмыг зөвөөр ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна. 15 настай би болон 0-8 настай үзэгч хүүхдүүдийн хооронд ямар нэг зааг ялгаа гарахааргүй байлгах талаас нь хандаж хөтөлнө. Үзэж байгаа хүүхдийн сонирхлыг татах ёстой.

-Хүүхдийн нэвтрүүлэг хөтлөхийн сайхан нь юунд байдаг вэ?

П.Ихэрбаяр:

-Бага насны хүүхдүүд биднийг харж дуурайж, инээх байх.  Хүүхдийн нэвтрүүлэг хөтлөхдөө инээмсэглэж, хүүхдүүдэд  аз жаргал өгч байна гэж бодохоор маш сайхан.

Э.Анужин:

-Энэ нэвтрүүлэг цацагдсаны дараа гэрээсээ гараад явахад байрны гадаад хүүхдүүд “Өө тэр “Маамуу” нэвтрүүлгийн Аами, Таами байна” гэж хэлбэл маш гоё. Томчууд тэр бүр бодсоноо ил гаргадаггүй, хоорондоо шивнэлдээд л өнгөрдөг бол хүүхдүүд цайлган, бөөнөөрөө шуугилдаж инээгээд, аз жаргалыг тэр даяар түгээдэг. Тэр нь их гоё санагддаг. Хүүхдийн нэвтрүүлэг хөтлөөд баймаар урам, сайхан мэдрэмж авах байх.

-Маамуу хүүхэлдэйн киног үзсэн үү. Ямар санагдсан бэ?

Э.Анужин:

-Анх “Маамуу” төсөл эхэлж байхад надад дууг нь дуулах хүсэлт тавьсан. Тэгэхэд хүүхэлдэйн кино гарна гэж бодоогүй. “Маамуу” төслийн хүрээнд  хүүхдийн шинэ дуунууд гаргаж байна. 4-5 дууг нь дуулсан.  Тэр дундаас “Маамуу” хүүхэлдэйн киноных нь “Таньдаг загас” гэдэг ангийн "Нисдэг загас" дууг дуулсан. Манай 21 настай ах хүртэл “Маамуу”-г нөхөж үзээд суучихдаг. Тэрийг хараад надад инээдтэй, хөөрхөн санагдаж билээ.  Манай гэр бүлийнхэн миний оролцож тоглосон бүх юмыг үздэг. Олон хүүхэд үзэхийг хүсдэг, үздэг, хүүхдийн танин мэдэхүйд өгөөжтэй их гоё бүтээл болсон.

П.Ихэрбаяр:

-Анх надад “Маамуу” төслийн найруулагч Г.Өлзийжаргал ах нэвтрүүлэг хөтлөх санал тавьсан. Надад маш гоё санагдсан. Намайг багад “Микки Маус”, “Том Жерри” зэрэг хүүхэлдэйн кино гардаг байлаа. Гэтэл одоо монгол уран бүтээлчид тэдгээртэй эн зэрэгцэхээр хүүхэлдэйн кино хийж байгаа нь надад бүр гоё санагдсан.

Э.Анужин:

-Магадгүй багаасаа драмын дугуйланд явсан учраас тухайн бүтээлийн ард хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг ойлгож, өөрөө хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг болохоор оюун ухаан хүртэл жаахан хүүхдийнх шиг. Хүүхдийн нэвтрүүлэг их сонирхдогтой холбоотой юм болов уу гэж боддог. Одоо хүртэл хүүхэлдэйн кинонд маш дуртай.

Монголчууд анимейшн хийж байгаад, түүнд нь би гар бие оролцож байгаадаа их баяртай байна.

-Үзэгч хүүхдүүддээ хандаад уриалга хэлэхгүй юу?

П.Ихэрбаяр:

-Би хүүхдүүдэд өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа өөрөө юу болохыг юу хийхийг хүсэж байна тэрнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, хайрладаг зүйлийнхээ төлөө тэмцдэг байвал чи амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна.  Бид бол Монголын ирээдүй.

Э.Анужин

-Үндэсний өв соёлоо битгий алдаарай. Аав ээж нар хүүхдээ багаас нь  ямар нэг урлагийн чиглэлээр хичээллүүлсэн нь зүгээр гэж хэлмээр байна. Урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Хүүхдийнхээ сонирхож байгаа зүйлийг олж, том болсон хойно нь юу болмоор байна гэж асуухгүйгээр багаас нь аливаад дур сонирхолтой болгох хэрэгтэй. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд “Маамуу” нэвтрүүлгээ үзээрэй. Бид танин мэдэхүйн олон сайхан зүйл хийх болно. Монголынхоо энэ төслийг бүгдээрээ дэмжээрэй!

Дашрамд дурдахад, "Маамуу"   нэвтрүүлгийг үзэгч хүүхдүүддээ наймдугаар сараас долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар хүргэхээр бэлтгэж байна.

Сэтгүүлч: А.Наранцацралт

X
Нэвтрэх