fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Эхийн сүүгээр хооллохыг уриалсан, долоо хоногийн аян өнөөдөр эхэллээ. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг олон улс даяар эхийн сүүгээр хооллохын хүүхдэд болон эхэд цаашлаад улс оронд үзүүлэх үр ашгийг сурталчлахад зориулдаг юм.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалж байна.

Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл юм. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг.

Эхийн сүүгээр хооллолт улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолсноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах, мөн эхчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр үндэсний хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой.

Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогчид, цаашлаад бодлого тодорхойлогчид эхийн сүүгээр хооллолтыг дэмждэг, урам зориг өгдөг байх хэрэгтэй.

Эхийн сүүгээр хооллолтын үр өгөөжийг хүүхэд төдийгүй улс орнууд хүртэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, бусад түнш байгууллагууд бүгд нэгдэн хамтдаа ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ эхийн сүүгээр хооллолтыг дэмжих улс төр, санхүү, хууль эрх зүй, олон нийтийн нөөц бололцоог дайчилж чадвал, ээжүүд, хүүхдүүд, цаашлаад нийгэм тэр чигтээ үр өгөөжийг нь хүртэнэ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.

ТУХАЙЛБАЛ

1, 8, 10-р зорилтууд ядуурлыг устгах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт жил тутам нэмэлт 302 тэрбум ам.долларын орлого буюу дэлхийн үндэсний нийт үйлдвэрлэлийн 0.5 хувьтай тэнцэх хувь нэмэр оруулах боломжтой.

2, 3-р зорилтууд өлсгөлөнг устгах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн амь насыг аврах нэн чухал арга хэмжээ бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг.

4-р зорилт боловсролд чиглэсэн. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг. Дэлхий дахинд дэвшүүлсэн боловсролын зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

5-р зорилт жендэрийн тэгш байдлыг дэмжинэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь жирэмслэлтийн хугацааг холдуулах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх зэрэг нийгмийн тэгш байдлыг хангах гол асуудлуудтай салшгүй холбоотой.

12-р зорилт тогтвортой хэрэглээг дэмждэг. Хүүхдиийг эхийн сүүгээр хооллох нь эхийн сүүг орлуулагч үйлдвэрлэх эрэлт хэрэгцээг хязгаарлах бөгөөд эхийн сүү нь маш бага экологийн ул мөр бүхий нөхөн сэргээгддэг нөөц юм.

Сэтгүүлч Б.Чимэг

X
Нэвтрэх