fbpx

Хүүхдийн хооллолт

image

Ангир уураг

Ангир уураг нь нялх үрийн тань авах ёстой шимт бодисыг бүрэн хангасан, нэн тэжээллэг, хүүхдийн дархлааг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой байгалиас заяасан хоол юм.

Ангир уураг нь төрсний дараах 24 цагт 30-хан мл гардаг шаргал өнгөтэй, өтгөн сүү бөгөөд 1 дусал ангир уураг нь 1 аяга эхийн ердийн сүүтэй тэнцэхүйц шим тэжээлтэй.

Дөнгөж төрсөн нярайн ходоодны багтаамж эхийн эрхий хурууны хумсны толион чинээ байдаг бөгөөд 7 хоногийн дараа хүүхдийн ходоодны хэмжээ тахианы өндөгний хэмжээтэй ижилхэн болдог. Иймд ойр ойрхон хөхүүлснээр хүүхэд хэрэгцээтэй хэмжээгээр хооллож чадна.

  • Хүүхдийн ходоодны хэмжээ аажмаар нэмэгдэхийн хэрээр эхийн сүүний гарц нэмэгддэг.

Эхийн сүү

Эхийн сүү хүүхдийн амьдралын эхний зургаан сард хамгийн тохиромжтой хоол юм.

Эхийн хэвлийд олдсон цагаас 2 нас хүртэлх хугацааг 1000 өдөр буюу “Алтан үе” гэдэг. Энэ хугацаанд хүүхдийн тархины хөгжил маш эрчимтэй явагддаг тул жирэмсэн эх ба хүүхдийг хангалттай сайн хооллох нь чухал.

Хөхөндөө сүү оруулахын тулд:

  • Сайн унтаж амар. Өдрийн цагаар бололцоогоороо 1-2 цаг унтахыг хичээ.
  • Хангалттай хэмжээгээр шингэн уу.
  • Эх өрөө сайн хоолло.
  • Хүүхдээ сайн хөхүүл.
  • Хөхүүлсний дараа үлдэгдэл сүүг заавал саа. Үлдэгдэл сүүг сааж, хөхөө суллахын хэрээр сүү сайн боловсордог.
  • Хүүхэдтэйгээ үргэлж хамт бай.
  • Сэтгэл санаагаа тайван байлга.

 

  • Эхийн сүүний ач тусыг бүрэн хүртэхийн тулд хүүхдээ 2 нас хүртэл, цаашид ч үргэлжлүүлэн хөхүүлэх нь зүйтэй.

Зөв үмхүүлэлт

Хөхөө зөв үмхүүлснийг илтгэх шинж:

  1. Доод уруул цорвойсон байна.
  2. Амаа том ангайсан байна.
  3. Доод эрүү хөхөнд хүрсэн байна.
  4. Хөхний толгойн нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн байна. Хөхний толгойн нөсөөт хэсэг саран хэлбэрээр дээд уруулын дээгүүр арай их, доод хэсэг нь доод уруулын доогуур бараг харагдахгүй байхаар үмхүүлнэ.

Хүүхэд хөхөө зөв үмхсэнээр аажим, гүнзгий, сорж, түр завсарлаж хөхнө. Бүрэн цадна. Хөхийг зөв үмхүүлснээр эхэд хөхний толгой хагарах, хөх чинэрч зангирах, хөхний үрэвсэл зэрэг хүндрэлээс сэргийлнэ.

Жич: Буруу үмхсэний шинж нь нярайн хацар хонхойх, чимээтэй сорох, эхийн хөхний толгой эмзэглэх, хүүхэд цадахгүй уйламтгай болох, ойр ойрхон удаан хөхөх, сүүний гарц багасах, цаашилбал хүүхдийн жин нэмэгдэхгүй.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх