fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хоолны дуршил сайн байх нь хоол боловсруулах шүүс сайн ялгаруулж хоол боловсруулалт, шингэцийг сайжруулдаг. Багаасаа хоолоо сайн боловсруулдаг болох нь хожмын өдрийн гэдэс, ходоодны замын өвчнөөс сэргийлэх гол хүчин зүйл болдог. Хүүхэд төрөөд 6 сар орчим болоход хоолны дуршил сэргэж хүний хоол идэхэд горьдож харах, түүн рүү тэмүүлэх зэргээр илэрнэ.

НЭГ ХҮРТЭЛХ НАСАНД НЬ ЧИХЭРТ ДУРЛУУЛЖ БОЛОХГҮЙ

Нэг хүртэлх насанд нь чихрийн амт мэдүүлж болохгүй, цаастай чихэр өгч болохгүй. Ингэснээр хүүхэд чихэрт хэт дурлах ба хоолны дуршлыг багасгана. Чихэрт их дуртай болох нь бусад тэжээлийн бодис бүхий хоолонд дургүйцэх, улмаар турж эцэх, өвчлөмтгий болох, харшилтай болох, сүүн шүд ургангуут шарлаж цоорох зэргээр эрүүл мэндийг нь хохирооно. Чихэрт хэт дурлах дуршлыг бууруулах нь 1 хүртэлх насанд хийгдэх гол ажил байх ёстой.

ХООЛНЫ ДУРШИЛ САЙН БАЙХ ЭСЭХ НЬ ХЭД ХЭДЭН ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛНА

Хүүхдийг эрүүл мэндэд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн цагаан идээ, ногоонд дуртай болгох нь энэ насны хүүхдийн зөв хооллолтын гол асуудал болдог. Хоолны зөв дуршлыг бүрдүүлж сайн байлгахын тулд юуны түрүүнд дээр хэлснээр чихрийн амтыг мэдрүүлэхгүй, 6 сар болонгуут зохих нэмэгдэл хоолонд дасган оруулж, 1 нас хүрэнгүүт дэглэмээр хооллох, хоолыг нь давс багатай гэхдээ амттай хийж өгөх, олон төрлийн хоол өгөх, хоолыг нь аягалах, тавагт хийхдээ сонирхлыг нь татах хэлбэр дүрс оруулах, өөрийн гэсэн гоё аяга, тавагтай байх, хооллох орчин чимээ шуугиангүй, цэвэр цэмцгэр байх шаардлагатай.

Хоолондоо дургүйцсэн тохиолдолд хэзээ ч албадан идүүлэх гэж оролдох, шахах хэрэггүй. Хэрэв хоолыг албадан өгөх гэвэл хоолондоо улам дургүйцэх болно. Хүүхэд хооллож байхад яаруулж хурдан идэхийг шаардах нь тун ч муу үр дагавартай гэдгийг мартаж болохгүй.

Хооллохоос өмнө уйлуулах, уурлуулах, их хөдөлгөөнтэй, хэт хөгжилтэй тоглоом тоглуулах хэрэггүй. Аль болох тайван байлгаж хэсэг амраасны дараа хооллоно.

Хүүхдэд хэрэгтэй хоолыг өөрсдөө дэргэд нь үлгэрлэн идэж байх, эдгээр хоолны гоё сайхныг магтаж байх нь чухал байдаг.

Өөрөө идэхгүй юмаа хүүхдэд өгөх гээд нэмэргүй. Та юунд дуртай байна вэ хүүхэд тэр л хоолонд дуртай байна шүү дээ. Тэгэхээр та өөрөө маш зөв хооллох хэрэгтэй.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт I, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх