Д.Энхтүвшин: Нус гоожих, халуурах үед эмчийн зааваргүй антибиотик хэрэглэх нь хүндрэх нөхцөл болдог
Хүйтний улирал эхэлж, эцэг эхчүүдийн санааг зовоосон томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна. Хүүхэд гэлтгүй томчууд ч томуугаар өвчилж, амархан хүндэрч буй талаар ярьж байна. Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Энхтүвшинтэй томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Томуугийн дэгдэлт ихэсдэг үе ирчихлээ. Хэдэн насныхан илүү өртөмтгий байна вэ?
-Хүйтний улирал наашилж байгаа энэ үед томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. Тэр дундаа хүүхдийн дархлалын систем том хүнээс сул байдаг тул энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Жил бүрийн судалгааны дунджаас харахад 0-15 нас хүртэлх хүүхдүүд голчлон өвддөг бол 0-5 насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, хатгалгаа болох магадлал өндөр байдаг юм.
-Тэгвэл энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүд юу анхаарвал зохих вэ?
-Нярай, бага насны хүүхэдтэй хүмүүс ч гэсэн хүүхдэдээ томуугийн шинж тэмдэг илрэхэд эм өгөх гэж яардаг болжээ. Эхийн сүү нь найрлагандаа А амин дэмтэй бөгөөд хүүхдэд анхны дархлааг бий болгодог. Хүүхдийг 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох хэрэгтэй. Эхийн сүүгээр дагнан хооллолт гэдэг нь дусал ч ус өгөхгүй байхыг хэлнэ. Дан хөхөөр хооллодог хүүхэд томуу, томуу төст өвчин болон бусад өвчнөөр өвдөх нь маш ховор байдаг. Харин хоёр хүртэлх насны хүүхдийг хооллохын зэрэгцээ хүссэн үед нь хөхүүлнэ.
Томуу, томуу төст өвчин нь агаар дуслын замаар дамждаг тул урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн энгийн арга бол хүүхдийнхээ ам, хамрыг содатай, давстай усаар зайлуулах. Ингэж хэвшсэнээр хүүхдийн ам, хамарт нян, бактери үржих эрсдэлийг бууруулж чадна гэсэн үг. Мөн хүүхдийг хөл, хөдөлгөөн ихтэй газраар дагуулж явахаас зайлсхийх нь нэн тэргүүний асуудал юм. Эдгээрээс гадна хүүхдийг амин дэмээр баялаг хоолоор хооллож, дархлааг нь дэмжих хэрэгтэй.
-Нойр ч бас дархлааг дэмжихэд чухал үүрэгтэй. Цэцэрлэг сургууль эхэлсэн үед хүүхдийг оройтож унтуулж байгаа нь дархлаанд сөргөөр нөлөөлж байна ч гэх хүмүүс бий.
-Хүүхдийн дархлааг дэмждэг чухал хүчин зүйлсийн нэг бол нойр. Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргаж байгаа нэг алдаа хүүхдээ хэт орой унтуулж байна. Хүүхдийг тогтмол цагт унтуулж сургах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн бие бүрэн амарна. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай.
Дээр нь гэр, сургуулийн орчин хэт бүгчим байх нь хүүхдийн амьсгалах орчинг хязгаарладаг учир агаарын бохирдол багатай үед хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж, цонхоо онгойлгон агаар солилцуулах хэрэгтэй. Амралтын өдрүүдийг ашиглан цэвэр агаарт гарч дархлаагаа дэмжээрэй гэж зөвлөмөөр байна.
-Томуугийн вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Томуугаас сэргийлэх нэгэн дэвшилтэт вакцин гарсан. Энэ вакциныг 9, 10 сард бүх насны хүмүүст тарьж, тухайн өвчнөөс сэргийлдэг. Вакцинийг ХӨСҮТ-ийн ”Сайн дурын дархлаажуулалтын кабинет” болон бусад хувийн эмнэлгүүдэд хийлгэх боломжтой. ХӨСҮТ-ийн вакцин энэ сарын сүүлээр хийж эхэлнэ гэсэн мэдээлэл байна.
-Хүмүүс ханиад хүрэнгүүтээ л эмийн сангаас эмчийн зааваргүйгээр өөрсдөө дур мэдэн эм авч хэрэглэдэг. Гэтэл энэ нь хүндрүүлэх нөхцөл болдог талаар ярьж байсан?
-Толгой өвдөх, нус гоожих, халуурах, найтаах гэх мэт шинж тэмдэг илрэнгүүт л дийлэнх хүмүүс ханиад хүрч байгаа юм байна гээд хамгийн түрүүнд антибиотик хэрэглэчихдэг. Антибиотик нь вируст үйлчилдэггүй. Анхнаасаа буруу эм хэрэглээд тухайн өвчнөө хүндрүүлчихдэг. Хүндэрсэн ханиад нь хатгаа болсон үед нь антибиотик эмчилгээ хийх шаардлагатай болдог. Энэ үед нь эмэнд дасал болсон бие антибиотикний үйчилгээг сааруулж, хүндрүүлэх тохиолдол элбэг. Тиймээс эмчийн заавраар эм хэрэглэж байх хэрэгтэй.