fbpx

Мэдээ, мэдээлэл

Хүүхдээ бэлгийн хүчирхийллээс сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагчид бид нэн түрүүнд хүүхдэдээ бэлгийн хүчирхийлэл гэж юу болох, хүүхдэд хэн нэгэн зүй бусаар харьцвал хэнд хандаж, юу хийх тухай ойлгуулах нь нэн түрүүнд шаардлагатай юм.

Тиймээс энэ сэдвээр хүүхэдтэйгээ хэлд орсон цагаас нь бага багаар ярилцаж, өөрт нь ойлгомжтой хэлээр тайлбарлах шаардлагатай ажээ.

“МИНИЙ БИЕ БОЛ МИНИЙ Л БИЕ!”
Бэлгийн харилцаа болон хэн нэгэн төрсөн эцэг эхээс нь өөр хүн хүүхдийн биеийн аль хэсэгт хүрч болохгүй  вэ гэдгийг хэлд орсон цагаас нь ярьж, тайлбарлаж ойлгуулж байх ёстой.

Зарим эцэг эхэд хүүхэдтэйгээ энэ сэдвээр ярилцах хэцүү байдаг ч хүүхдээ анхнаас нь сонсож, нээлттэй байдаг аав ээж, асран хамгаалагч нар бяцхан үрсээ бэлгийн хүчирхийллээс хамгаалах боломжтой юм.

“Хэрвээ би хэн нэгнийг үнсэх, хэн нэгэнд үнсүүлэх, тэврүүлэхийг хүсэхгүй бол би “үгүй” гэж хэлж чадна. Харин тэврэлтийн оронд гар барих, агаарын үнсэлт илгээх боломжтой. Би энэ биеийнхээ эзэн нь!”

Хүүхэд хүсэхгүй бол заавал хэн нэгнийг тэврэх, үнсэх албагүй. Тэр ч бүү хэл эмээ эсвэл авга эгч байсан ч хамаагүй. Хэн нэгний гэмгүй үнсэлт эсвэл тэврэлт байж болно л доо. Гэхдээ хүүхэд өөрийн биеэ өөрөө захирч сурах нь чухал гэдгийг тухай ойлгуулах хэрэгтэй.

НАДАД БҮХНЭЭ ЯРЬДАГ ИТГЭЛТЭЙ ХҮН БИЙ
“Миний эргэн тойронд миний хамгийн их итгэдэг гурван хүн байна. Би тэдэндээ бүхнээ ярьж чадна. Хэрвээ миний санааг зовоосон асуудал гарч, надад аймшигтай эсвэл аюултай явдал тохиолдвол би тэднийхээ хэн нэгэнд надтай юу тохиолдоод байгааг ярьж чадна”

Хүүхдэд ямар нэг зүйл тохиолдсон ч түүний ард хамгийн түрүүнд ярьж хэлэх найдвартай дотны хүн байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Юуны ч тухай яриа өрнөсөн дотны хүн нь хүүхдийг ичээхгүй, буруутгахгүй, сайтар сонсож, түүнд итгэдэг байх нь нэн чухал.

АЮУЛТАЙ, АЙМШИГТАЙ ЗҮЙЛ ТОХИОЛДВОЛ ХЭНД ХАНДАХАА МЭДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
“Хэрвээ надад аймшигтай эсвэл аюултай санагдвал  юу тохиолддог вэ? Би хөлөрч, дотор эвгүйрхэж, давчдаж, зүрх хурдан хурдан цохилно. Эдгээр шинж тэмдэг илэрвэл надад болгоомжтой байхыг сануулж буй хэрэг юм. Хэрвээ надад тэгж санагдвал би шууд өөрийн итгэдэг насанд хүрсэн хүнд хандана.”

Ихэнх хүүхэд шууд л хэнд хандахаа сайн мэддэг. Тиймээс хүүхэдтэйгээ итгэж болох дотны хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаарай. Учир нь ямар нэгэн таагүй, аймшигтай, аюултай зүйл тохиолдлоо гэхэд хүүхэд урьднаас хэнд хандахаа маш сайн мэддэг байх хэрэгтэй юм.

Мөн хүүхдэд хүйтэн хөлс гарах, дотор эвгүйрхэх, зүрх түгших зэрэг нь тавгүй байгааг илэрхийлэх шинж тэмдэг гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.

ХҮҮХДЭД НУУЦ БАЙХ ЁСГҮЙ
“Надад таагүй л санагдаж байвал би ямар ч зүйлийг дотроо хадгалахгүй. Хэрвээ хэн нэгэн надад таагүй санагдсан зүйлийг хүнд битгий хэлээрэй гэвэл би өөрийн хамгийн их итгэдэг насанд хүрсэн хүнд хэлэх болно”

Бэлгийн хүчирхийлэгчид хохирогчдоосоо болсон явдлыг хэн нэгэнд хэлэхгүй байхыг шаарддаг. Тэд хүүхдийг нууцаа хэн нэгэнд хэлбэл таагүй зүйл тохиолдоно гэж айлгадаг байна. Хүүхдэд тэр нууцыг хэлэхгүй хадгалснаар байдал улам дордоно гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

ХҮҮХДИЙН ТАНЬ БИЕИЙН ДАЛД ХЭСГҮҮДЭД ХЭН Ч ХҮРЭХ ЁСГҮЙ
Хүүхэд ямар шинж тэмдгээр бэлгийн хүчирхийлэл болохыг, биеийнх нь аль хэсэгт хүрвэл хил хязгаар давна гэдгийг мэддэг байх ёстой.

Биеийн нууц далд хэсгүүд нь түүний хувийн, хамгийн чухал зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

“Дотуур хувцасны цаана далдлагдаж байгаа биеийн хэсгүүд хамгийн нууц байх ёстой чухал хэсэг. Биеийн энэ хэсгүүдэд хэн ч хүрч болохгүй. Бас хэнд ч харуулж болохгүй. Хэрвээ ийм зүйл тохиолдвол шууд л ойр дотнын хүндээ хэлнэ

Энэ тухай хүүхэдтэйгээ аль болох эрт ярилцаж байх хэрэгтэй. Гэхдээ ярихдаа бэлэг эрхтнийг "шувуухай" гэх мэтээр “хочилж” ярилгүйгээр шууд л нэрлэдэг үгээр нь хэлж ярих нь чухал. Ингэхдээ хүүхдээсээ бүү ичиж зовоорой. Энэ нь огт ичих асуудал биш юм. Учир нь хүн болгонд эдгээр эрхтнүүд байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх