Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50 мянган хүн/тун вакциныг Эрүүл мэндийн яам хүлээн авчээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эхний ээлжийн вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулах юм.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллага яамны хүсэлтээр 175 мянган хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа бөгөөд зөвлөх мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзалт хийсэн байна.
ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125 мянган хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүсчээ. Зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэвшинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийсэн байна.
Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45 мянган хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгүүлч: Р.Адьяасүрэн