fbpx

Хүмүүжил

image

Чих дэлдийлгэж, сэтгэл сэрдхийлгэм хүчирхийллийн хэргүүд ар араасаа хөвөрч, болдог л юм шиг чихний хажуугаараа өнгөрөөх болсоор бид багагүй хугацааг өнгөрөөж байна.

Угтаа бол бид сэтгэл зовниод умартах бус эцэг эх, эмээ өвөө болсныхоо хэргийг гарган ирээдүйн хойчоо өнөөдрөөс бэлтгэх нь чухал юм.

Хүчирхийлэгч, хүчирхийлэгчийг төрүүлнэ гэдэг. Энэ нь өнөөдөр та хүүхдэдээ ямар хандлага гаргана, ирээдүйд тийм л боловсон хүчнийг амьдрал бэлтгэнэ гэсэн санаа. Өөрөөр хэлбэл таны далайсан гар ирээдүйд хэн нэгэнд нударга болон очих нь…

Өмнө нь хүчирхийлэгч гэхээр эрэгтэй хүн л толгойд буудаг байв. Гэтэл өнөөдөр нөхрөө, хүүхдээ, дүүгээ, хөгшдөө хүчирхийлэх эмэгтэйчүүд нийгмийн үзэгдэл болов. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр зөвхөн хөвгүүд гэлтгүй охиддоо ч анхаарал хандуулаарай гэсэн санаа юм.

Тэгвэл ирээдүйн хүчирхийлэгчийг төрүүлэхгүй тулд эцэг эхчүүд юу дээр анхаарах вэ?

Энэ асуултад сэтгэлзүйч А.Хонгорзул "Бид эрэгтэй хүүхдээ өсгөхдөө мэдрэмж дээр нь ер анхаардаггүй. "Ийм том болчихоод яагаад уйлаад байгаа юм", "Охин шиг уйллаа" гэх мэтээр зөвхөн охид уйлдаг юм шиг ханддаг. Гэтэл эрэгтэй хүн ч гэсэн уйлдаг. Уйлах эрх нь байгаа. Хүн л юм чинь мэдрэмжээ илэрхийлэх ёстой. Хүн эхээс мэндлэхдээ уурлах, баярлах, гуниглах, уйтгарлах сэтгэл хөдлөлтэй ирдэг. Харин энэхүү мэдрэмжийг яаж зөв зохистой илэрхийлэх вэ, зөв зохистой таних вэ гэдгийг эцэг эх нь төлөвшүүлэх үүрэгтэй.

“Чи эр хүн шүү. Эр хүн хэзээ уйлж байлаа” гэх мэтээр эцэг эхчүүд хөвгүүдээ хаалттай нэгэн болгож амьдралд бэлддэг байна. Энэ нь хожим өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хатуу, дотогшоо нэгэн болгон, төлөвшүүлж, өөрийнхөө хураасан сэтгэл хөдлөлөө зохисгүйгээр гаргадаг хүнийг бүтээдэг.

Зарим эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэддэггүй. Сэтгэлзүйчийн зөвлөж байгаагаар хүүхдэдээ тоглоомын аргаар ойлгуулах хэрэгтэй гэнэ. Хүүхэд уйлж л байг. Эрэгтэй хүүхэд сайн уйлаад өөрийнхөө мэдрэмжийг зөв зохистой илэрхийлээд сурах юм бол хэнд хэрхэн уурлахаа шийдэж чаддаг болдог. Эсвээс ганцхан мэдрэмжтэйгээр эр хүн болдог. Тэр нь уурлах... Өөр ямар ч мэдрэмжгүй. Хэт баярласнаа илэрхийлж чадахгүй дотогшоо хүн болгодог. Хүүхдээ өөртөө итгэлтэй, зөв хүн болгохыг хүсвэл хайраа илэрхийлдэг хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй.

Сэтгэлзүйч А.Хонгорзул "Надад хандсан үйлчлүүлэгчдийн дийлэнх нь “Манай хүүхэд болдоггүй ээ, муу сураад байх юм. Хүү маань компьютерт донтоод байх юм” гэж ханддаг. Би хариуд нь “Та ямар ажил хийдэг вэ, хэдэн цаг ажилладаг вэ, танай гэр бүлийн харилцаа ямар вэ?” гэж асуудаг. Хайр халамжаар дутсан хүүхэд л элдэв асуудалд орооцолддог” гэж ярьсан юм.

Мөн эцэг эхчүүд хүүхдээ өөрийнх нь хариуцлагыг үүрүүлж сургах хэрэгтэй гэнэ. Энэ асуудалд сэтгэл зүйлч "Бид багаас нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хариуцлага хүлээх төлөвшлийг нь тэр бүр бий болгодоггүй. Жишээ нь хүүхэд газар уналаа гэхэд шалыг нь зодож байгаа мэт дүр үзүүлдэг. Гэтэл хүүхэд өөрөө явж байгаад л унасан шүү дээ. Шалыг буруутгахын оронд уйлж байгаа хүүхдээ босгоод тайвшруулах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд өөрийнхөө сэтгэлзүйдээ хариуцлага хүлээж сурна. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл, бодол, үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай болно. Бид үүнийг хүүхэд хүмүүжүүлж эхлэхдээ л хэрэгжүүлээрэй” гэв.

Хүн хэлэхээс цаас чичихээс наашгүй гэдэг. Эцэг эхчүүдэд дахин сануулах гол зүйл бол хүүхдэдээ хүчирхийллийг бүү үзүүл. Өөрөөр хэлбэл,

  • Хүүхдийнхээ хажууд хэрэлдэх
  • Нэгнийгээ гутаан доромжлох
  • Зодолдох
  • Хүүхдээ хараан загнах
  • Хүүхдийн биед гар хүрэх
  • Согтууруулах ундаа хэрэглэхийг тэвчүүштэй.

Хүүхэд эцэг эхчүүдээ хором бүр аждаг толины тусгал тул ирээдүйд хэн болох нь таниас шалтгаалах нь.

Сэтгүүлч: Г.Одгарав

X
Нэвтрэх