fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Өнөөдөр хар тугалгад хордож буй хүүхэд сэтгэн бодох чадвараар үе тэнгийнхнээсээ дутуу болно гэдэг эмгэнэлтэй. Хар тугалгад хордоогүй хүүхдийн оюуны чадвар 110 байлаа гэж үзэхэд хордсон хүүхдийнх 12-20-иор дутуу гарах жишээтэй.

Хар тугалга нас наснаас шалтгаалан өөр өөр нөлөө үзүүлдэг. Жишээ нь, насанд хүрсэн хүнд толгой өвдөх, гэдэс өвдөх, татаж унах бүр үхэлд хүргэх аюултай. Харин бага насны хүүхэд, урагт үзүүлэх нөлөө нь шууд тархи, мэдрэлийн хөгжлөөр илэрдэг.

Хор хөнөөл ихтэй хар тугалга хэмээх химийн элемент цахилгаан бараа, зарим төрлийн тоглоом, шаазан болон үнэт эдлэл гээд бидний өдөр тутам хэрэглэдэг олон зүйлсэд агуулагдаж байдаг бөгөөд 1970-аад оноос өмнө АНУ-д томоохон асуудал болж байжээ.

Ингээд 1970-аад оноос эхлэн хар тугалга бүхий бүтээгдэхүүнийг хориглосноор хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ мэдэгдэхүйц буурсан байна. Гэхдээ л амьдралын нөхцөл байдал, ашиглаж байгаа эд зүйлстэй холбоотойгоор хар тугалгын аюул бүрэн арилаагүй хэвээр.

100 мл цусан дахь хар тугалгын хэмжээ 10 микрограмм байхад тархи, мэдрэлийн хөгжилд нөлөөлдөг гэж үздэг бөгөөд үүнээс бага байхад ч тодорхой хэмжээний хор хохирол учруулж байгааг судалж үзжээ.

АНУ-ын Өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төв хар тугалгын хордлого хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болохыг 30 жилийн хугацаанд хийсэн судалгаанд үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан юм.

СУДАЛГАА

1979-1981 оны хооронд Бостонд хийсэн судалгаанд 249 нярайг хамруулжээ. Нярайг 6 сар, 12 сар, 18 сар, 24 сар болон 57 сартайд нь цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон бөгөөд 10 жилийн дараа судалгаанд орсон хүүхдүүдийн 148-ийг нь дахин шинжилгээнд оруулсан аж.

Түүнчлэн нийгмийн гарал угсаа, амьдралын хэв маяг, өвчний түүх зэрэг мэдээллийг эцэг эхээс нь асуулгын аргаар авчээ. Үүнээс 20 жилийн дараа судалгааны багийнхан анхны туршилтад орж байсан 43 хүнээс дахин шинжилгээ авсан бөгөөд энэ үед тэд 29 нас хүрсэн байв.

Шинжилгээний дараа бүгд нас биед хүрсэн учраас Векслерийн оюуны түвшин тогтоох сорил авч сэтгэн бодох чадвар, дүгнэлт хийх чадварыг нь шалгажээ. Ингээд бага насанд нь цусанд нь байсан хар тугалгын хэмжээ насанд хүрэхэд нь сэтгэн бодох чадварт нь хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоосон юм.

ҮР ДҮН

Ерөнхийдөө хүүхэд ахуйд нь хар тугалгын хэмжээ их гарч байсан хүмүүс насанд хүрэхэд сэтгэн бодох чадвараар бусдаасаа бага болохыг тогтоожээ. Сүүлийн туршилтад орсон 43 хүний цусан дахь хар тугалгын агууламж дунджаар хоёр настайд нь 100 мл цусанд 10 микрограмм, дөрвөн настайд нь 6,7 микрограмм, 10 настайд нь 3 микрограмм байсан аж.

Насанд хүрсэн үеийнх нь сэтгэн бодох чадвар хүүхэд ахуйдаа буюу зургаан сартайд, дөрөв болон арван настайд цусан дахь хар тугалгын хэмжээ ямар байсантай шууд холбоотой байжээ.

Ялангуяа 4-10 настайд нь цусанд агуулагдаж байсан хар тугалгын хэмжээ хамгийн их нөлөөлсөн аж. Үр дүнд нь 100 мл цусанд агуулагдах 1 микрограмм хар тугалга тутамд тухайн хүний сэтгэн бодох чадвар хоёр оноогоор буурч байжээ.

ДҮГНЭЛТ

Дээрх судалгаанаас харахад судалгаанд хамрагдагсдын цусан дахь хар тугалгын хэмжээ 4-10 настайд нь дунджаар 100 мл тутамд 3-6,7 микрограмм хэмжээтэй байжээ. Гэтэл АНУ-ын Өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс/CDC/ 100 мл тутамд 10 микрограмм байх нь аюултай хэмжээ гэж үздэг.

Тэгэхээр CDC-ийн тогтоосноос бага хэмжээтэй хар тугалга цусанд нь байсан ч гэсэн сэтгэн бодох чадварт нь нөлөөлжээ. Түүнчлэн бага насандаа хар тугалгад хордож байгаа хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжил урт хугацаандаа сөрөг үр дагаварт хүрч байна.

Хэдийгээр тун цөөн хүний дунд судалгаа хийсэн ч гэсэн хар тугалгаас болж хүүхэд зайлсхийх аргагүй, буцаах боломжгүй хохирол амсч байна гэсэн үг.

Судалгааны хувьд бүтэн 30 жилийн турш анх хамрагдаж байсан хүмүүсээсээ шинжилгээ авч байсан нь өмнө нь хэн ч хийж байгаагүй зүйл бөгөөд хийхэд тийм ч амар зүйл биш юм. Мэдээж хэрэг хар тугалга мэтийн зүйлс хүүхэд наснаас эхлээд насанд хүрэхэд ямар нөлөө үзүүлж болохыг үүнээс өөрөөр судлах арга байхгүй.

4-10 настайд нь цусанд байсан хар тугалгын хэмжээ насанд хүрэхэд сэтгэн бодох чадварт хамгийн их нөлөөлж буйгаас харахад бид хүүхдүүд хар тугалганд хордож буйг зүгээр хараад сууж болохгүй бөгөөд зайлшгүй урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг харуулна.

Хэрвээ хар тугалгаар хордуулж буй эх үүсвэрийг нь таслан зогсоох боломжтой л бол зогсоох хэрэгтэй. Үгүй бол өнөөдөр дундаж IQ гэж үзэж байгаа хэдэн жилийн дараа гоц ухаантны хэмжээнд хүрч, нийт хүн амын дундаж сэтгэн бодох чадвар өнөөдрийн дунджаас доогуур хэмээх заалтад хүрэхийг үгүйсгэхгүй.

Сэтгүүлч: А.Ихсанаа
Эх сурвалж: CDC

X
Нэвтрэх