fbpx

Мэдээ, мэдээлэл

image

73-р цэцэрлэгийн өргөтгөл

 “Сайхан бүсгүй” группийн админ Б.Дэлгэрмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхэн яагаад цэцэрлэгийн өргөтгөл барихаар болсон бэ?
-Цэцэрлэг хүртээмжгүйгээс болж хүүхэд сугалаагаар орж байна. Бас хүн болгон хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөөд байж чадахгүй шүү дээ. Бид анх цэцэрлэг барих хүсэлтэй байсан ч энэ тухайгаа БСШУСЯ-нд хэлэхэд нэг цэцэрлэг 2 тэрбум төгрөгөөр босдог тул хэцүү дээ гэж хэлсэн.

Харин өргөтгөлийг 300-500 сая орчим төгрөгөөр барьдаг гэж хэлсэн юм. Гэтэл тооцоолоод үзэхэд яагаад ч 500 сая болохооргүй байсан. Бүх зардал 50 сая төгрөгт багтах боломжтой гэж үзээд ажилдаа орсон юм. Бид барилгачдын ажлын хөлсөд 19 сая төгрөг, үлдсэнд нь барилгын материал болон тохижуулах эд зүйлсийг авсан. Барилгаа барихдаа хямдхан чанаргүй материал бус чанартайг нь сонгосон. Хэрвээ хямдыг нь сонгосон бол бүр 40 сая төгрөгт багтахаар юм билээ. Бид тайлангаа үргэлж ил байлгадаг, шилэн данстай. “Сайхан бүсгүй” группийн бүсгүйчүүд маань энэ ажлаараа улсын төсвөөр 500 сая төгрөгөөр барьдаг өргөтгөлийг 50 сая төгрөгт барьж болдог юм байна гэдгийг харуулахыг хүслээ.

-Яагаад 73 дугаар цэцэрлэгийг сонгосон бэ?
-Би Хан-Уул дүүрэгтээ 30 жил амьдарсан. Тиймээс өсөж төрсөн дүүргээсээ энэ ажлыг эхлүүлмээр санагдсан. Бид олон цэцэрлэгээр явсан юм. Яармагийн 73 дугаар цэцэрлэг нь 140 хүүхдийн багтаамжтай ч 319 хүүхэд явдаг. Хоёр дахин илүү ачаалалтай ажилладаг юм билээ. Дээр нь хорооныхоо 30 хувийг хангасан гэхээр хорооны хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт явж чадахгүй байна.

Мөн энэ цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийн анги байдаггүй учраас бид хоёр настнуудад зориулж барьсан. Бүгдийг стандартын дагуу хийлгэсэн. Бусад ангиудад хоёр жорлонтой байхад энэ өргөтгөл маань стандартын дагуу дөрвөн жорлонтой, дөрвөн угаалтууртай. Бусад ангиудад хүйтэн усаар гараа угаадаг бол энэ ангид бойлер тавьсан, халуун ус гоождог. Гал тогоо, хөнжил гудас хадгалах өрөө, хүүхдийн хувцасны шүүгээ гээд бүх юм нь стандартын дагуу болсон.


-Тэгэхээр цаашид энэ ажлаа үргэлжүүлнэ гэсэн үг үү?
-Цаашдаа бид Сонгинохайрхан дүүрэгт барья гэсэн бодолтой байна. Гэхдээ одоо хүйтэрч байгаа учраас ирэх зунаас ажлаа эхлүүлнэ.

Дашрамд дурдахад, “Сайхан бүсгүй” групп өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж, “Манна” асрамжийн төвд болон Цэлмэг охинд хагалгааны хандив цуглуулж өгсөн гээд томоохон ажлуудыг группийн эмэгтэйчүүдийн хандиваар хийсэн байна.














Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх