fbpx

Боловсрол

image

Ном унших нь нэг талаар хүүхдийн оюун ухаан, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг бол нөгөө талаар таны хүүхдэд хүмүүжил олгож байдаг.

Интернет, зурагт, ухаалаг утасны эрин үед хүүхдүүд ном унших нь улам багасч байгаа билээ. Хүүхдээ хүчээр номонд дуртай болгох бус түүнд аажим аажмаар ном унших дадал зуршлыг суулгах хэрэгтэй юм.

Урьд нь боловсрол мэдлэг олж авах цорын ганц арга нь ном унших байсан бол орчин үед хүүхдэд маш олон боломж бий болсон. Хүүхэд шууд л ном унших зуршилтай төрдөггүй учраас үүнийг эцэг эх, асран хамгаалагч нар нь л хүүхдэд суулгаж өгдөг гэдгийг санаарай.

НОМЫГ ХАРИЛЦААНЫ НЭГ ХЭЛБЭР ГЭЖ ҮЗЭХ
Хүүхэдтэйгээ хамт ном унших нь зүгээр хэдэн үг хооронд нь холбоод байгаа зүйл биш юм. Энэ нь хүүхэдтэйгээ зугаатай цаг өнгөрүүлэх нэг боломж. Ном уншиж өгч буй таны өвөр дээр суугаа хүүхдэд номноос илүү тантай ойр байгаа нь илүү чухал байдаг.

НОМ УНШИХ ТОГТСОН ЦАГТАЙ БОЛОХ
Орой унтахынх нь өмнө хүүхдэдээ ном уншиж өгөх нь хүүхдийг тайвшруулж, бат бөх нойрсоход нь тусалдаг. Унтахынх нь өмнө, өглөөний хоолоо идсэнийх нь дараа, цэцэрлэгээсээ ирснийх нь дараа гэх мэт ном унших тогтмол цагтай болох нь гэр бүлийн нэг тогтмол уламжлал болох юм.

ХҮҮХДИЙН НАСАНД НЬ ТОХИРСОН НОМЫГ СОНГОХ
Хүүхдэдээ номоо үзэж харахад сонирхолтой ном сонгон авч өгөх хэрэгтэй. Тод өнгөтэй, бодит мэт зургуудтай чанартай номууд байвал зүгээр. Зөвхөн хүүрнэн өгүүлсэн зохиолууд ч бус хүүхдийн ойд тогтож үлдэх шүлгийн ном ч байж болох юм. Хамгийн гол нь тухайн ном хүүхдийн тань насанд тохирсон байх нь л чухал юм.

НЭГ НОМОНД ДУРТАЙ БАЙХ НЬ САЙН
Хүүхдүүд ихэвчлэн нэг түүхээ олон дахин сонсох дуртай байдаг. Энэ нь хүүхэд тань цаашид сурч боловсрох эрмэлзэл өндөртэй, номонд дуртай болж байгаагийн шинж тэмдгүүдийн нэг юм. Хэдэн долоо хоногийн дараа гэхэд хүүхэд дуртай номынхоо хэсгүүдийг цээжээрээ уншиж, зарим нэг үг хэллэгүүдийг хэл яриандаа ашиглах болно.

НОМ УНШИЖ ӨГӨХ ҮЙЛ ЯВЦЫГ СОНИРХОЛТОЙ БОЛГОХ
Ном унших явцад та хэрхэн уншиж өгч байгаа нь маш чухал ач холбогдолтой. Номынхоо гол баатруудын хэлсэн үг зэргийг тэдний хоолойгоор дуурайн уншвал хүүхдэд илүү сонирхолтой байдаг. Гахай шиг дуугарах, чоно шиг улих зэргээр үлгэрийн гол баатруудыг дуурайн үзүүлэх нь ном унших цагийг улам сонирхолтой зугаатай болгодог.

ХҮҮХДЭЭ ДАГУУЛЖ ХҮҮХДИЙН НОМЫН САН, ХҮҮХДИЙН НОМЫН ДЭЛГҮҮР ОРЖ БАЙХ
Номын сан, номын дэлгүүр орох нь танай гэр бүлийн уламжлал болж ч магадгүй. Номын дэлгүүрүүдэд харагддаггүй ховор нандин, гоё номуудыг та номын сангаас л олно. Мөн номын санд орж ном унших нь нэг талаараа шинэ номонд мөнгө үрэхгүй хэмнэлттэй. Түүнээс гадна хүүхдийн номын сан, номын дэлгүүрүүдээр хүүхдэд зориулсан сонирхолтой өдөрлөгүүд болж өнгөрдөг.

ТОГТОЖ СУУДАГГҮЙ ХҮҮХДИЙГ ХҮЧЛЭХГҮЙ БАЙХ
Богинохон ч гэсэн үлгэрийг дуусгаж чадахгүй, нэг газраа тогтдоггүй хүүхэдтэй бол санаа зоволтгүй. Сонирхолтой ном хамт эргүүлж тойруулан үзэхэд хэдэн хором зарцуулаад хүүхдээ үргэлжлүүлэн тоглуулж болно. Хамтдаа ном унших цагаа аажим аажмаар нэмээрэй.

ХАМТДАА ҮЛГЭР, ТҮҮХ ЗОХИОХ
Машинд хамтдаа сууж явахдаа ч юм уу, цэцэрлэг рүү нь хүргэж өгөх замдаа хамтдаа үлгэр, түүх зохион ярилцаарай. Хүүхдийнхээ төсөөлөн бодох чадварыг ажиллуулж, түүний саналыг асуугаарай. Түүнд ямар ч түүх зохиож болохыг мэдрүүлээрэй. Хамтдаа бяцхан ном бүтээж ч болно шүү дээ.

ХҮҮХДЭДЭЭ ЗӨВ ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЭХ
Хүүхдээ номонд дуртай болгоно гэсэн хэр нь эцэг эхчүүд өөрсдөө компьютер, ухаалаг утас зэргээ ширтээд суучихаж болохгүй. Хүүхдүүд бүх зүйл дээр ээж, аавыгаа дуурайдаг. Тийм учраас хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх нь чухал. Гэртээ олон ном байгааг харах, ээж аав нь ном унших дуртай байгааг харсан хүүхэд ном унших нь танай гэр бүлийн салшгүй нэг хэсэг юм байна гэдгийг ойлгох болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх