fbpx

Хүмүүжил

image

-Төрсөн дарааллын онцлог буюу Адлерын онол-

Хүүхдийн хөгжлийн талаар А.Адлерын онолыг сүүлийн үед өргөнөөр ашиглах болжээ. Айлын хэд дэх хүүхэд болж төрсөн бэ гэдгээс хамааран хүний амьдралын хэв маяг өөр өөр байдаг. Гэтэл айлын хэд дэх хүүхэд болж төрснөөс бидний зан чанар хэрхэн шалтгаалж буйг хүн болгон мэддэггүй нь харамсалтай. Энэхүү сонирхолтой асуултын хариултыг А.Адлер маш сонирхолтойгоор гарган иржээ.

АЙЛЫН УУГАН ХҮҮХДИЙН ОНЦЛОГ
Ууган хүүхэд айлын анхны хүүхэд учраас эхлээд их хайр халамжийг амсдаг. Гэр бүл болсон хосууд анх удаа хүүхэдтэй болж аав, ээж гэсэн мэдрэмжийг мэдэрдэг тул сэтгэл нь маш их хөдөлдөг. Бүхий л цаг заваа ууган хүүхдэдээ зориулдаг. Ууган хүүхдээ эцэг эхийнхээ хайрыг ганцаараа эзэгнэн, ханхүү, гүнж мэт амьдарч, ээж ааваасаа бүрэн дэмжлэг авч өснө. Гэвч энэ сайхан цаг нь түр зуурынх бөгөөд дүү нь төрснөөр эцэг эхийнхээ хайрыг булаалгаж буй мэдрэмж хүүхдэд төрдөг байна.

Айлын ууган хүүхэд дүүтэй болсноор барьцах сэтгэл өөрийн эрхгүй төрж эхэлдэг. Энэ байдлаас болоод өөрт нь тавигдах анхаарал халамж багасаж, янз бүрийн асуулт, эргэлзээ төрдөг. Ээжийнхээ анхаарлыг татахын тулд аашилж, эрхлэн улам нялхардаг байна.

ДҮҮТЭЙ БОЛСОН УУГАН ХҮҮХДИЙН МЭДРЭМЖ
Шинэ хүүхэд төрлөө. Дүү нь ууган хүүхдийн хувьд түлхэн унагах бай юм. Гэхдээ түүний гол зорилго нь эцэг эхийнхээ хайр халамжийг эргүүлж авахад оршдог. Үүнд хүрэх ганц зам нь дүүгийнхээ төлөө байх гэдгийг хүүхэд мэдэрдэг. Тиймээс дүүгээ халамжилж, харж ханддаг байна. Анхны хүүхэд ихэнхдээ дүүгээ төрөхөд өөрийгөө хэрэггүй болсон мэт сэтгэгдэл төрж сэтгэлдээ шарх авч эхэлдэг. Энэ үед л эцэг эхийн үүрэг маш чухал. Дүүгээ зовоож байгаа ууган хүүхдийг ээж нь хэтэрхий буруутгаж дүүг нь л энгэртээ тэврээд байвал ууган хүүхэд хаана ч очсон өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, тогтворгүй зан төлөвтэй болно. Тиймээс эцэг эх энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн хандахаа мэддэг байх нь зүйтэй.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ДҮҮТЭЙ БОЛСОН УУГАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

Хайраа илэрхийл:
Шинэ төрсөн дүүгийн талаарх буруу ойлголтын засах нь зөв. Түүнд “чи дүүдээ их хайртай юмаа” эсвэл “чи их азтай юм аа, дүүтэй боллоо шүү дээ” гэх зэргээр хүүхдийн сэтгэлийг тайвшруулж дүүтэй болно гэдэг чинь сайхан зүйл гэдгийг мэдрүүлээрэй. Мөн дүүгээ унтаж байхад чимээгүй байх нь чамд тийм ч амар биш байгаа биз дээ зэргээр хүүхдийнхээ санаа бодлыг сонсож сур. Түүнээс гадна нялх дүү байгаа ч ээж аав нь чамд хайртай хэвээрээ гэдгээ байнга илэрхийлэх нь зүйтэй.

Хүүхдийн оронд өөрсдийгөө тавиад үз:
Хүүхдийнхээ оронд өөрсдийгөө тавьж барьцах сэтгэлийг нь ойлгох хэрэгтэй. Хэрэв тийм байр сууринаас хүүхдэдээ хандаж чадвал барьцах сэтгэл нь буруу, муу зүйл гэдгийг ойлгон тайвширч эхэлдэг. Жишээ нь: дүү нь шөнөжингөө уйлаад ууган хүүхэд нь дүүдээ дургүй үг, үйлдэл хийж байвал “Их хэцүү байгаа биз, гэхдээ ээж нь чамайг ч гэсэн жаахан байхад яг л ингэж хайрлаж хамгаалдаг байсан” зэргээр тайлбарлаж өгвөл дүүгээ хайрлах нь энгийн зүйл юм байна гэдгийг ойлгох болно.

Дүүдээ зөв хандаж байгаа тохиолдолд түүнийг нь магт:
Энэ нь хүүхдийн зөв зан үйлдлийг суурьшуулж өгдөг. Ууган хүүхдийн дүүдээ сайнаар хийж байгаа жижиг ч болов зүйлийг нь анзаарч магтан урамшуулж байх хэрэгтэй. Ингэснээрээ ах дүүгийн хоорондын харилцааг бэхжүүлж өгдөг.

Хүүхдэд бүү ялгаатай харьц:
Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа бол голдуу багыг нь өмөөрч томыг нь дүүтэйгээ ойлголцохыг шаардан буруу харилцдаг. Дүү нь ч гэсэн үүнийг нь ашиглан ялихгүй жаахан зүйл гарахад л шууд л ээж аавдаа ховлож хэлэх нь бий. Ихэнхдээ дүү нь ахтайгаа барьцах маягтай байж ахынхаа хэлсэн үгэнд орох хүсэлгүй байдаг. Харин түүнийг дийлэхгүй тохиолдолд ээж ааваасаа тусламж гуйж дээрэлхүүлсэн мэт аашилдаг.

Хүүхдийг хооронд нь бүү харьцуул:
Хүүхдүүддээ ялгавартай харьцвал тэднийг гомдоохоос гадна барьцах, тэмцэх явдлыг хурцатгах болно. Хүүхэд өөрийгөө хэн болохоо мэдэх гэж, өөртөө итгэлтэй болох гэж зүтгэж байдаг. Гэтэл чи бусад хүүхэд шиг сайн байж чадахгүй гэх мэт утгыг агуулсан үгс нь түүний урмыг хугалахаас биш хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд- харилцаа II

X
Нэвтрэх