fbpx

Аминдэм ба эм

image

-Хүүхдүүдийн 90, жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувьд Д аминдэм хангалтгүй-

Агаарын бохирдол, цусан дахь хар тугалгын хэмжээ гээд эцэг эхчүүдийн санаа зовоох асуудал мундахгүй. Тэгвэл бас нэг анхаарал хандуулах асуудал нь Д аминдэмийн дутал.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДӨРӨВХӨН ХУВЬД Д АМИНДЭМ ХЭВИЙН ГЭЖЭЭ

Судалгаагаар 6-59 сартай хүүхдийн 61 хувь Д аминдэм дуталтай,  28.9 хувь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 орчим хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байна. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол 16 шинжийн аль нэг шинж илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутал түгээмэл байгааг харуулж байна.


Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэм дуталтай, 20 хувь нөөц багатай буюу нийт эмэгтэйчүүдийн 95 хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй түвшинд байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэйчүүдийн дөрөвхөн хувьд энэ аминдэм хэвийн гэсэн үзүүлэлт гарсан нь анхаарах ёстой асуудал болоод байна.

Д АМИН ДЭМ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Манай улс дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тул Монгол хүн жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломжгүй, нарны ташуу тусгалын улмаас биед шингэх хэт ягаан туяаны эрчим нь арьсан дор Д аминдэм нийлэгжих хангалттай түвшинд хүрч чаддаггүй байна.

Мөн өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй байдаг нь хэт ягаан туяаны шингээлтийг бууруулдаг. Д аминдэмээр баялаг хүнсийг бараг хэрэглэдэггүй,  зах зээлд Д аминдэмээр баяжуулсан хүнсний хангамж хангалтгүй байдаг зэргээс шалтгаалан Монгол хүн Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй аж.

Бид Д аминдэм дутагдсанаар майга эсвэл саруй хөлтэй болоход нөлөөлдөг гэж боддог. Тэгвэл хүний бие махбод дахь Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг байна.

Мөн Д аминдэм нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч болдог учраас маш чухал. Тиймээс эрүүл байхын тулд Д аминдэмийг хэвийн хэмжээнд байлгах зайлшгүй шаардлагатай.

X
Нэвтрэх