fbpx

Боловсрол

image

Ном уншиж өгөх нь хүүхдийг уншиж сургах бэлтгэл гэж үзэж болно. Уншиж буй мөрөө хуруугаараа заагаад байхад хүүхэд аяндаа зүүнээс баруун тийш унших чиглэл болон дараагийн мөрөндөө шилжиж унших үйлд дасдаг. Цаашлаад хүүхдийн анхаарлыг гарчиг дээр, тодорхой үг эсвэл үсэг дээр төвлөрүүлж болно. Хүүхдэд өөрт нь ч ямар нэгэн зүйл хайх, хамтдаа хуруугаараа зааж унших нь зугаатай байх болно.

Ийм аргаар сургуульд, уншиж сурахад бэлдэх нь цэцэрлэгт байхад нь үсэг зааж өгөхөөс хавьгүй чухал. Багаасаа номтой нөхөрлөсөн хүүхэд уншсанаа ойлгох чадвар сайтай, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй ярих чадвараар бусдаасаа давуу байдаг нь олон арван судалгаагаар хэдийнээ батлагджээ.

Эдгээр нь хүүхдийн эзэмшвэл зохих эх хэлний чадвар бөгөөд хожим нь сургуульд амжилттай сурах, ажил амьдрал дээр гараад амжилттай ажиллах үндэс суурь болдог. Уншиж ойлгох чадвар муутай хүүхэд буруу уншиж, буруу ойлгоно. Хичээлийн агуулгаа сурах бичгээс гүнзгийрүүлэн авч чадахгүй байсаар сурлагаар хоцорч, хичээл хийх, ном унших ч сонирхолгүй болно.

Тооны хичээлд ч эх хэлний чадвар хэрэгтэй. Өгүүлбэртэй бодлогын даалгаврыг уншаад ойлгохгүй бол цааш хэчнээн хичээгээд ч нэмэргүй.

Эх сурвалж: Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж, НҮБ-ын Хүүхдийн сан

X
Нэвтрэх