Хүмүүжил

image

Германы эрдэмтэн сэтгэл зүйч Боммерт ярианы засал нь тодорхой тооны хүмүүс болон сэтгэл засалч - үйлчлүүлэгч хоёрын хоорондын нийгмийн харилцаа, аман ба аман бус харилцааны төлөвлөсөн, системчилсэн, сонгон сайжруулсан хэлбэр юм гэж тодорхойлсон. Ярианы заслын явцад сэтгэл засалч, хүүхдэд өөрийн үзэл бодол, ойлголт, тайлбарлал, таамаглалыг тулган хүлээлгэхгүй харин ярианы явцад хүүхдийн сэтгэл хөдлөл, сэтгэлийн түгшүүртэй байдлыг нь ойлгож туслана.

Ярианы засалд дараах үндсэн ойлголтууд яригддаг. Үүнд:
Өөрийгөө танин мэдэх: хүүхэд ярианы ямар ч түвшинд өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэн тодорхойлж, ямар нэг дүгнэлт гарган эргэцүүлж бодох чадварыг төлөвшүүлэх.
Үгээр илэрхийлэх: сэтгэл засалч хүүхдийн сэтгэлийн түгшүүртэй байдлын шалтгааныг илрүүлэх.
Үнэлэмж ба сэтгэлийн халуун дотно байдал: үйлчлүүлэгчид бие хүн, бие даасан хүн байх, зовлон зүдгүүрийг хүлээн авч, даван туулах зэргийг хүлээн зөвшөөрүүлэх.
Нээлттэй байх: сэтгэл засалч хүүхдийн оронд өөрийгөө тавин түүний дотоод ертөнцийг мэдрэх, хэллэгийг нь ойлгох чадвартай байх.
Өөрийгөө илэрхийлэх: сэтгэл засалчийн өөрийнх нь зан байдлын бодит дүр төрх буюу байгаагаараа байх.

Германы сэтгэл зүйч Ж.Хельм ярианы заслын явцад сэтгэл засалчийн онцлог байдлыг дараах байдлаар хуваан авч үзсэн.

• Нөхцөл байдлын үнэлгээг бодитой хийх
• Сэтгэл санааны байдал, зовлон зүдгүүрийг яриагаар болон сэтгэлийн хөдөлгөөнөөр мэдэрч ойлгох
• Сэтгэл засалч зан төлөвийн хувьд төрөлхийн нээлттэй байх

Хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг сайжруулахын тулд дараах зүйлийг эцэг эхчүүд анхаарах нь чухал:

• Та юмуу эсвэл таны хань оройтож хэлд орсон эсэхийг магадлах
• Хүүхдэдээ дуу дуулж, өгүүллэг, үлгэр уншиж өгөх
• Хүүхэд тань ямар нэг юм ярих гээд байвал сайн анхаар. Нүд рүү нь хараад сонирхож байна гэдгээ илэрхийлэх. Яаруулалгүй тайван хүлээх
• Хүүхдийг анхаарч халамжлан, хайрлаж байгаагаа мэдрүүлэх
• Хүүхдийнхээ ярих оролдлогыг байнга дэмжих
• Ойр дотно харилцаа хүүхдийн хэлний хөгжилд чухал гэдгийг санах
• Өдөр бүр цаг гаргаж түүнтэй ярилцах
• Хүүхдээ ярьж байхад нь сонс
• Хүүхэдтэйгээ хамт байх
• Ганцаардмал зожиг болгохгүй байх
• Үе тэнхийнхэнтэй нь хамт тоглох нөхцлийг бүрдүүлэх
• Хүмүүсийн дунд байлгах
• Яриандаа богинохон, энгийн өгүүлбэрүүд ашиглах
• Хэлэх, ярих зоригийн хэв шинжийг бий болгох, өөрийн хүчинд итгүүлэх
• Буруу хазгай ярилаа гээд шоолж, гутаахаас сэргийлэх

Эцэг эхийн анхааралд:
• Сонсгол ба харааны эрхтэн согогтой хүүхэд;
• Ойр ойрхон татах болон ухаан алдаж унадаг өвчтэй хүүхэд;
• Ганцаардмал зожиг хүүхэд хожуу хэлд орох болон харилцааны хувьд хэвийн биш байх магадлалтай. Тиймээс мэргэжлийн эмч ба сэтгэл зүйчид хандан зөвлөгөө аваарай.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх