fbpx

Хүмүүжил

image

Бага насны хүүхдийн ааш зан нь тэдний сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой. Жишээлбэл, хүүхэд аз жаргалтай байвал инээнэ, баярлаж дэвхцэнэ, айж цочвол том хүнийг бараадаж наалдан зогсоно, загнавал зөрүүдлээд буруу харчихна, гомдвол дуугаа хураачихна, уурлавал хашхирна. Эндээс хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирддаг нь харагдаж байна.

Иймд насанд хүрэгчид хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө зохистой байдлаар илэрхийлэх, хянах арга замыг зааж өгч туслах нь зүйтэй.

1. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦААРАЙ
Хүүхэд уйлсан, өвдөж шаналсан, уурласан, айсан шинжтэй байвал түүнтэй дотно ярилцаж байгаарай. Уурлаж болно, гэхдээ бусдыг гомдоож бас хохироож болохгүйг хэлж ойлгуулаарай. Ихэнх тохиолдолд бага насны хүүхэд өөрийнхөө сэтгэлийн байдлыг оновчтой үгээр илэрхийлж чаддаггүй. Үүнийг нь эцэг, эхчүүд зааж өгч байх хэрэгтэй.

2. ЗУРАГ ЗУРАХ, БУДАХ
Хүүхэд урлагийн ямар нэг төрлөөр хичээллэх нь сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд тусалдаг. Өөрийнхөө бодол санаа, сэтгэлийг өнгө, янз бүрийн дүрсээр илэрхийлж болно. Хүүхдээр сонгуулах өнгөнд хар өнгийг заавал оруулаарай. Учир нь хүүхэд сөрөг мэдрэмжээ гол төлөв хар өнгөөр илэрхийлдэг.

Хүүхдээс зурсан зургаа тайлбарлаж өгөхийг хүсэж байгаарай. Тэгснээр хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг мэдээд зогсохгүй тайвшрах арга замаа сонгоход нь туслах боломжтой.

3. БАРИМЛЫН ШАВАР

Хүүхэд баримлын шавраар тоглох дуртай байдаг бөгөөд гарын жижиг булчинг хөгжүүлж, бодож санасан зүйлээ янз бүрийн дүрсээр илэрхийлэх боломж олгодог.

4. ЭЛС, УС

Хүүхэд элс, усаар тоглох маш дуртай. Тоглох үедээ их тайвширдаг. Иймд сэтгэл санаа нь тогтворгүй, уурласан хүүхэд элс, усаар тогловол илүү үр дүнтэй.

5. ХӨГЖИМ, ХӨДӨЛГӨӨН

Хүүхдүүд хөгжим сонсоход томчууд бидний адил тайвширдаг. Цоглог, уянгалаг гээд төрөл бүрийн хэмнэлтэй хөгжим дуугаргаж сонсгоно. Ингээд сонссон хөгжим нь тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг тайлбарлахыг хүсээрэй.

6. ЖҮЖИГЛЭХ, ДҮРД ТОГЛОХ

Хүүхэд хэн нэгний дүрд тоглохдоо сэтгэл хөдлөлөө тод илэрхийлдэг. Түүнчлэн үгийн нөөц баялаг нь нэмэгддэг. Иймд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж, орчинг бүрдүүлэхэд анхаараарай.

7. ҮЛГЭР

Зан үйл нь бүрэлдэн тогтож байгаа бага насны хүүхдийн хувьд үлгэрийн үйл явдал, агуулга, гол баатарууд илүү нөлөөтэй байдаг.

Үлгэрт бодит байдлыг сонирхолтой, адал явдалтай, баатарлаг хийгээд эмгэнэлтэй явдлуудаар хурц, тод дүрсэлдэг тул сонсож буй хүүхдийн сэтгэлд гүнзгий нөлөөлдөг. Тэгээд ч бага насны хүүхэд үлгэрийг сонсох дуртай, ярих дуртай байдаг.

8. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Бага насны хүүхдүүд бие махбодын хувьд их идэвхтэй байдаг тул тэдэнд хөдөлгөөн хэрэгтэй. Удаан хугацаагаар томоотой суулгавал тэд залхаж, сахилгагүйтэж эхэлдэг. Хүүхэд чөлөөтэй гүйх, аюулгүй зүйлд авирах, өнхрөх үед биеийн чилээ нь арилдаг.

Эх сурвалж: Эцэг эхийн боловсрол зориулсан гарын авлага, НҮБ-ын Хүүхдийн сан

X
Нэвтрэх