fbpx

Боловсрол

image

Мэдээж тоглох нь таны хүүхдийн нийгмийн, сэтгэл хөдлөлийн, физиологийн болон танин мэдэхүйн хөгжилд амин чухал юм. Тоглосноороо хүүхэд өөрийн бие болон орчин тойрныхоо талаар мэдэж авах ба үүндээ таван мэдрэхүйгээ тавууланг нь ашигладаг.

Үүнд хүрвэл ямар мэдрэмж төрөх бол? Энийг базвал ямар дуу гарах бол? Үүнийг түлхвэл эсвэл татвал юу болох бол? Ийшээ авирвал яах бол? гээд л хүүхэд тань алхам тутамдаа шинэ зүйл сурч мэдэж байдаг.

Юмыг сонжиж, шинжлэх нь тоглоомны гол үндэс суурь болдог ба таны хүүхдийн хувьд бүх зүйл чухал. Аягатай хоолоо хөмрүүлэх хүртэл хүүхдийн хөгжилд чухал гэж үзнэ. Тоглох нь нэг ёсны хүүхдийн ажил хэмээн мэргэжилтнүүд үздэг. Харин буулгасан тоглоомыг нь хураах нь эцэг эхчүүдийн ажил бололтой.

Төсөөлөн бодож тоглох нь 1 ой өнгөрч буй хүүхдүүдийн онцлог юм. Тоглох явцдаа хүүхэд өөрт хэрэгтэй бие даасан, бүтээлч, сониуч зан чадваруудыг эзэмшихээс гадна асуудлыг шийдвэрлэх чадварыг давхар олж авдаг. Тоглох нь сэтгэл хөдлөлөө таних, нийгэмшихэд чухал ач холбогдолтой.

Дуртай тоглоомоо дүүтэйгээ хуваалцан ээлжлэн тоглодог болохоосоо өмнө хүүхэд эхлээд хүүхэлдэйдээ тоглоомоороо тоглохыг санал болгож сурна. Тоглож байхдаа тэд анх удаа "гуйж байна", "баярлалаа" зэрэг үгсийг хэрэглэж, хүүхэлдэй нь ёо ёо болчихлоо, шархны наалт өгөөч гэж тэд л ээжээсээ гуйдаг.

ЮУНД АНХААРАХ ВЭ?
Тоглох явцдаа хүүхэд хөгжиж байдгийг үргэлж санах. Хүн, эд юмс, хөдөлгөөн гээд хүүхдийн тоглоомонд хязгаар гэж үгүй. Бөмбөлөг үлээхээс авахуулаад бие биедээ дуу дуулж өгөх, усанд орж байхдаа ус цацах, хөөцөлдөж гүйх гээд бүх зүйл чухал ач холбогдолтой.

Аль болох хүүхэдтэйгээ хамт тоглохыг хичээгээрэй. Та бол хүүхдийнхээ хувьд хамт тоглож болох хамгийн шилдэг сонголт ба түүний хувьд илүү зугаатай. Тоглох явцдаа хүүхэдтэйгээ ярьж байх нь түүний хэл ярианы хөгжилд ч нэмэртэй.

Хүүхдээ баяртай, хангалттай амарсан байх үед нь шинэ тоглоом санал болгох нь зүйтэй хэмээн хүүхдийн хөгжлийн сэтгэл зүйч Мэрилин Сигал зөвлөсөн байна. Түүнийг уйдсан, ядарсан болон сэтгэл нь тавгүй үед тоглохоо завсарлаарай.

Хүүхдэд ганцаараа, өөрөө өөртэйгөө болон бусадтай тоглох боломжийг өгөөрэй. Аль аль нь түүний хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой юм.

Хүүхэд ямар тоглоомоор хэрхэн тоглохыг өөрөө шийдэх хэрэгтэй. Та шинэ зүйл санал болгож болно гэхдээ хүүхдэдээ "дарга" байх боломжийг олгоорой. Тоглоно гэдэг чинь цагийг зугаатай өнгөрүүлэхийг хэлнэ. Цагийг зугаатай өнгөрүүлэх талаар танай гэр бүлээс мэддэг ганц хүн нь таны хүүхэд шүү дээ.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх