fbpx

Боловсрол

image

Хүүхдийн тань төсөөлөн бодох чадвар улам л нэмэгдэнэ. Төсөөлсөн зүйлдээ итгэх нь түүний насны онцлог юм. Дотроо төсөөлсөн мангасаасаа, эсвэл харанхуй, зүгээр энгийн тоос сорогчоос айх зэрэг нь наад захын жишээ юм. Түүнд бодит байдлыг төсөөлөн бодсоноосоо ялгах хэцүү байдаг.

Түүний хэл яриа сайжирч, танихгүй хүн ч түүний хэлж буйг ойлгодог болсон байна. Хүүхэд тань зарим төлөөний үгийг зөв хэрэглэж, олон үйлдэлт зааврыг ойлгож, биелүүлэх чадвартай болсон байна. Түүний үгийн сан огцом нэмэгдэж, 3 ой хүрэхэд хэдэн зуун үгийн баялагтай болдог.

Хүүхэд тань шатаар дээш доош чөлөөтэй алхаж, үсэрч, дугуй жийж чаддаг болсон байх ба хаалга нээж хаах, дугуй дүрс зурж, энгийн эвлүүлдэг тоглоомыг ганцаараа эвлүүлж чаддаг болсон байна.

Хүүхдүүдтэй найзалж, бусдад санаа тавьж, бусдыг хайрладаг болсныг та анзаарах байх. Энэ нь түүний тоглоомууддаа хандах харилцаанд ч хамаатай. Тоглоомоор хүүхдүүдтэй ээлжлэн тоглох, бусадтай хуваалцах зэрэг талаар тэр дөнгөж суралцаж эхэлж байгаа ба үүнээс болж аашлах, уцаарлах үе ч олонтаа тохиолдоно.

ТА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хүүхдээ өөрийнх нь насны хүүхдүүдтэй тоглох, цагаа өнгөрүүлэх боломжоор хангах хэрэгтэй. Хүүхдүүдэд дундаа гарсан маргааныг өөрсдөө шийдэх боломжийг олгож, асуудал хурцдах тийшээгээ хандвал та маргааныг хэрхэн шийдвэрлэж болох талаар хүүхдүүдэд тайлбарлаж өгөхөд бэлэн байгаарай. Хүүхдэд асуудлыг хэрхэн шийдэж, сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах талаарх туслалцаа үргэлж хэрэгтэй байдаг.

Хүүхэдтэйгээ оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглоорой. Шатаар бууж гарахдаа шатаа нэг нэгээр нь тоолох, тоглоомуудаа ялгаж хуваарилах, биеийн хэсгүүдээ нэрлэх гэх мэт. Жүжигчилсэн тоглолт нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгоход туслах ба ингэж тоглохдоо бүх санаачилгыг хүүхдийн гарт өгөхөө мартуузай.

Аль болох гадаа авч гарч чөлөөтэй гүйж харайх, дугуй унах, эргэн тойрноо таньж мэдэх боломжийг хүүхдэдээ олгоорой. Аль нь болдог аль нь болдоггүй талаар энгийнээр тайлбарлаж, үүнээс гарах үр дүнг тайвнаар хүлээн авахыг хичээх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдээ магтаж, урамшуулахаа бүү мартаарай.

Хүүхдийн хөгжлөөс урьтаж гэртээ хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүл.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх