fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд сургуульд орсон л бол унааны мөнгөнөөс эхлээд ойр зуурын мөнгөтэй явах хэрэгтэй болдог. Гэхдээ 2-4-р ангиас нь эхлэн хэрэглээний мөнгө өгч эхлээрэй. Зарим аав ээж хүүхдүүддээ хэрэглээний мөнгийг нь долоо хоногийн эхэнд тооцож нэг дор өгдөг. Хэрвээ ингэж өгдөг бол өдөр өдрөөр нь авч үлдсэн мөнгөө гэртээ орхихыг хүүхдэдээ сануулах хэрэгтэй юм. Хэмжээтэй өгсөн мөнгө хүүхдийг мөнгөтэй харьцаж сургах ба мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж өгдөг сайн талтай.

Зарим айлын хүүхэд хичээлдээ арав, хорин мянган төгрөгтэй явдаг. Хүүхдийн хэрэглээний мөнгийг хэтрүүлэн өгөх нь тухайн хүүхдийг бардам, дээрэнгүй зантай болох эхлэлийг тавьдаг. Мөн бусдын халдлагад өртөх өгөөш болгох ч аюултай юм.

Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж чадахгүй, амласандаа хүрээгүй үедээ тэдэнд бэлэн мөнгө өгч аргалдаг. Энэ нь хүссэн нэгэн нь өөрийг нь мөнгөөр аргалж болдог үнэ цэнэгүй мэдрэмжийг хүүхдэд суулгадаг.

Тиймээс ээж аавуудад хандан хэлэхэд:

  • хүүхдэдээ тогтмол хэмжээтэй хэрэглээний мөнгө өгч бай. Өгсөн бүх мөнгөөр чихэр, амттан авч идсэн бол дараагийн мөнгө өгөх хугацаагаа өөрт нь хэлээд хойшлуул. Энэ нь мөнгийг зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэйг ойлгуулна.
  • халаасны мөнгөө заасан хугацааг хүртэл хэрэглээндээ хүргэхийг сануул!
  • зайлшгүй тохиолдолд нэмэгдэл мөнгө өгөхдөө учир шалтгаанаа тайлбарлах
  • мөнгө хадгалах хайрцагтай болгох. Гэхдээ мөнгийг хадгалахын тулд биш хэрэглэхийн тулд цуглуулдаг гэдгийг ойлгуулах. Энэ нь аажимдаа хүүхдэд өөрийн гэсэн зарцуулах мөнгө бий гэсэн итгэл бий болгодог. Огт хэрэглэхгүйгээр хадгалах нь хүүхдийг харамч, нарийн зантай, амиа бодсон болгоно.
  • аав ээж, эмээ өвөө нар бие биеэсээ нууж хүүхдэд мөнгө өгөхгүй байх
  • хэн нэгнээс дараа өгнө гэж зээл авахгүй байхыг урьдчилан анхааруул. Үүнд зуун төгрөг хүртэл хамаатай шүү!
  • дэлгүүр гаргаж ямар нэг зүйл авахуулсан бол хариулт мөнгийг заавал буцаан авах
  • гэрийн ажилд туслуулаад мөнгө өгөхгүй байх. Гэр бүлийн гишүүн бүр чадах зүйлээ ямар нэгэн шан харамж горьдолгүй хийх үүрэгтэй байдаг.
  • онц дүнг мөнгөөр мялааж болохгүй. Шагнал авахын тулд л хичээх хэрэгтэй гэсэн явцуу бодлыг хүүхдэд төрүүлдэг.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх