Хүнсний бүтээгдэхүүн

image
Агаарын бохирдол ихтэй үед хүүхдэд ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн түлхүү өгөх талаар анагаах ухааны доктор М.Оюунбилэгийн зөвлөгөөг хүргэж байна.

АЛИМ, ҮХРИЙН ЭЛЭГ, БЯСЛАГ...

Агааргүйгээр хүн 3 минут ч амьдарч чадахгүй. Тийм болохоор агаар хүний хамгийн их хэрэгцээт зүйл нь. Гэтэл өвлийн улиралд гадаа ч, гэрт ч хүүхдийн амьсгалах агаар бохирдсон байдаг. Дээр нь хүүхдийн, ялангуяа бага насны хүүхдийн  дархлааны, мэдрэлийн, амьсгалын эрхтний хөгжил муу, хамгаалах чадвар нь ч  муу хөгжсөн байдаг.

Бага насны хүүхдийн амьсгалын тоо их байдгаас гадны хортой агаарыг илүүтэй авдаг зэрэг олон шалтгаанаас агаарын бохирдол хүүхдэд илүү аюул дагуулж, гуурсан хоолойн үрэвсэлт өвчин, уушгины  хатгалгаа болох нь их байна. Мөн харшлын гаралтай багтраа болж хүндрэх ч тохиолдол  их байдаг.

Агаар бохирдсон үед  гадаа бага гаргах, гэртээ агаар цэвэршүүлэгч тавих зэрэг арга хэмжээ авахыг мэдээллийн байгууллагаар сурталчилсаар байна. Харин ийм үед хорыг цэвэршүүлэх, саармагжуулах  хоол хүнс ч бас чухал үүрэгтэй.

Хүний бие махбод хорыг биеэс гадагшлуулж цэвэршүүлэх чадвартай ч агаарын бохирдол хэт их, удаан үргэлжлэх зэрэг шалтгаанаас энэ цэвэршүүлэх чадвар нь хүчин мөхөстдөг.  Хүүхдэд бол биеэ цэвэрлэх чадвар бүрэн хөгжөөгүй байдаг. Хүүхдийн бие мах бодын цэвэршүүлэх үйл ажиллагааг сайжруулан дэмжиж өгөх хамгийн үр дүнтэй хоол хүнс бол үл исэлдүүлэгч бодисыг агуулсан бүтээгдэхүүн юм.

Ийм бодис жимс, ногоо, үр тарианд илүүтэй агуулагддаг. Тухайлбал, хүүхдэд жимснээс алим, жүржийг шинээр өгөхөөс гадна, бөөрөлзгөнө, зэтгэнээр чанамал, гүйлсээр гэрийн компот хийж өгөх, чацарганы шүүс өгөх хэрэгтэй.

Харин ногооноос ногоон цэцэгт байцаа, хэрээн нүд, шар лууван, шар, ногоон чинжүүтэй сармистай хоол сайн.

Үхрийн мах, улаан загасаар хийсэн хоол, үхрийн элэг, цөцгийн тос, монгол бяслаг, ээдэм, өндөг, төрөл бүрийн будаа, цагаан идээ сүү, тараг  чухал.

Харин хүүхэд өвдсөн үед  эрдэс, амин дэм их зарцуулдаг учраас  эрдэс амин дэмээр баялаг хоол өгөх бөгөөд шаардлагатай бол амин дэм нэмж өгнө. Хүүхдийн дархлааг сайжруулахын тулд 2 хүртэлх насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох, сүү, тараг, алим, шар лууван, зөгийн бал, хүрэн манжин, яншуй, сонгино, сармис, улаан буудайн гурилан бүтээгдэхүүнийг хүүхдийн дархлааг сайжруулдаг бүтээгдэхүүнд тооцог. Эдгээрээр насанд нь тохирсон хоол хийж өгөх хэрэгтэй.

ОЛОН ТӨРЛИЙН ХООЛЫГ БАГА БАГААР ӨГӨӨРЭЙ

Хүүхэд хоолонд дургүй болно гэдэг нь түүний биеийн байдлын шаардлагаас үүсч байгаа юм. Эм уугаад хэдий их ядарсан ч гэсэн түүнийг албадан хооллох гэвэл түүнээс дор үр дүнд хүрэх учраас хоолыг албадан идүүлж болохгүй.

Харин тэвчээртэйгээр олон төрлийн хоолноос багаар сонгож саналыг нь асууна. Хэрэв таны идүүлэх гэж өгсөн хоолыг алийг нь ч сонгохгүй байвал та санаа зоволтгүй шингэн юм сайн өгөөд 1-2 хоногтоо хоолондоо ортол хүлээх хэрэгтэй. Жин нь хасагдсан ч гэсэн биеийн байдал сайжрахад хоолондоо дуртай болж жингээ нөхөж авна.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх