Хүмүүжил

image

Сургуульд орсон хүүхэд бүрийн хамгийн их сонсдог үг. Энэ үг томчуудын хувьд ойлгомжтой боловч дөнгөж сургуульд орсон хүүхдүүдийн хувьд залхуутай сонсогддог.

"Даалгавраа хий, хийхгүй бол муу авна" энэ үг нь хүүхдийг зөвхөн дүнгийн төлөө хичээлээ хийдэг болгоно. Даалгавраа хийх нь хичээлээ ойлгох, бататгах үр дүнтэй цаг юм. Түүнээс биш зөвхөн дүн авахын төлөө хийдэг гэсэн ойлголттой бий болгож болохгүй.

"ДААЛГАВРАА ХУРДХАН ХИЙЧИХВЭЛ ШАГНАНА ШҮҮ, КИНО ҮЗҮҮЛНЭ ШҮҮ, ТОГЛУУЛНА ШҮҮ"
Энэ нь даалгавраа хийж, хичээлээ ойлгох тухай бодолгүйгээр зөвхөн дараа нь авах шагнал, урамшууллын төлөө хам хум гүйцэтгэх "бушуу туулайн үлгэр" болно. Яваандаа энэ нь өөр олон үүргийг заавал шагнал авч байж биелүүлэх зуршилд сургана.

"ҮРГЭЛЖ ДЭРГЭД НЬ МАНАЖ ХИЙЛГЭХ"
Та өнөөдөр хичээл хийлгэх гэж манасан бол маргааш ч, нөгөөдөр ч манасаар байх болно. Бие даах боломжийг нь бүрдүүлж өг. Чадах зүйлээ асууж байвал асуултыг нь асуултаар хариул. Үүнийг нэмэх билүү, хасах билүү гэвэл нэмэх үйлдлийг ямар үед хийх билээ гэх мэт өөрөөр нь хариултыг хэлүүл. Хэзээ ч бэлэн хариуг бүү өг.

"ДААЛГАВАР ХИЙСЭН ХИЙГЭЭГҮЙ БИ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ АМЬДРААД БОЛООД Л БАЙНА"
Энэ үгс ялангуяа гэр бүлийн хооронд яригддаг. Ээж нь даалгавар хийхийн үр дүнг ойлгуулж байхад аав нь дээрх үгээр үгүйсгэнэ. Ийм үгүйсгэл сонссон хүүхэд санаачилгаараа даалгавар хийх болов уу та бодоорой.

ХЭТ ИХ ХИЧЭЭЛЭЭР ШАХАХ
Нэг дор олон хичээлийн даалгавар бүү хийлгэ. Өдөрт гурван удаа тогтсон цагаар нэг удаадаа 40 минут хийлгэх. Энэ нь урт хугацааны амралтын үед баримтлах дүрэм юм. Тархи ядардаггүй ч хүүхдийн бие ядарна, хөшинө, нойр нь хүрнэ. Тиймээс амраа.

Санаачилгаараа даалгавраа хийдэг болгохын тулд миний хүүхэд хэн болохыг хүсч байна вэ гэдэг асуултыг хүүхдэдээ тавиарай. Тэгээд хамтдаа ярилц. Ирээдүйн мөрөөдлийг нь хамт зур. Зорилгодоо хүрэхийн тулд чамд энэ хичээлүүд хэрэгтэй гэж ойлгуул. Даалгавар хийхийн үр өгөөжийг хүүхдэдээ ойлгуулсан бол тэр хэзээ ч танаар "Даалгавраа хий" гэж шаардуулахгүй.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх