Үс их хэмжээгээр уналаа гэх шалтгаанаар 2016 онд 395 хүн эмнэлэгт хандсан бөгөөд хүмүүсийн дунд анализ хийхэд 25-40 насныхан 52 хувийг эзэлж байна. Үс уналт залуужиж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. 13 хувьд нь 40-60 насныхан, 3 хувь нь 60-аас дээш насныхан байсан. Үлдсэн 28 хувийг 2-10 насныхан эзэлсэн нь анхаарал татаж байна.
Тест тавихдаа 50-60 ширхэг үсийг багцалж бариад татаад үзэхэд таваас дээш үс унавал их хэмжээний үс уналттай байна гэж үзнэ. Эсвэл трихоскопи гэж үсний аппаратаар үздэг.
Хүүхдийн үс голомтлон дугуйрч халзарч унах нь ихсээд байна. Хүүхдүүд гар утас, компьютер, телевизийг олон цагаар үзэж, дэлгэцийн хэт хамааралтай болсон. Хүүхдээ жаахан уйлж аашлахад нь саатуулах гэж гар утсаа өгсөөр буруу зуршилд сургадаг нь томчуудын алдаа. Хүүхдийн тархины үйл ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байгаа үед утаснаас ирэх долгионы нөлөө хүүхдийг мэдрэлийн ядаргаанд оруулдаг.
Хүүхдийн гавлын яс нимгэн байдаг. Гавлын яс нимгэн байх тусам гаднаас ирэх хортой туяаны нөлөөлөлд өртөнө. Үүнтэй хамааралтайгаар хүүхдийн дунд үс уналт ихсэж байна гэж мэргэжлийн эмч нар тайлбарлах болсон. Гэхдээ энэ талаар хийсэн нарийн судалгаа алга, судалгаа хийх шаардлага байгаа. Бага насны хүүхэд үүрлэсэн үс уналтын шалтгаанаар эмнэлэгт хандаж байна. Ийм эмгэгтэй хүүхэд дараа нь мэдрэлийн ямар нэг ачааллыг даах чадваргүй болдог. Оюуны ачаалал авч ядрахад л үс унаад байдаг.
Дархлааны эсүүд гаднын бактер, ямар нэг хортой нөлөөнөөс бие махбодыг хамгаалах үүрэгтэй. Гэтэл дархлааны зохицуулга алдагдаж, өөрийн эсийн эсрэг дархлааны урвал өрнөснөөр хэсэг хэсэг газар голомтлон богино хугацаанд үс унадаг. Тэгэхээр хүүхэд ядрах, нойргүйдэх, жаахан ачаалал авахад тэр хэмжээгээр өвчин сэдрэх магадлалтай. Энэ бол эцэг, эхчүүд хүүхдэд анхаарал хандуулах шаардлагатай болсны л дохио.
Хүүхдийг тогтмол цагт эрт унтуулах ёстой. Хүүхэд 10-12 цаг унтах ёстой. Хангалттай унтсан хүүхэд сайхан амарсан байдаг. 23.00 цагт унтаад 7 цагт сэрээд байвал тэр өдрийнхөө ачааллыг дааж чадахгүй. Зурагт үзэх цагийн хязгаарыг өдөрт нэг цагаас ихгүйгээр тогтоож, бусад үед нь тоглоомоор тоглуулах, зураг зуруулах, хүүхдэдээ ном уншиж өгөх зэргээр цагийг сонирхолтой өнгөрүүлж болно шүү дээ.
Сэтгүүлч: Э.Энхмаа