fbpx

3-5 нас

image

Тархи судлалын шинжлэх ухааны баримт, судалгаанаас иш татвал, хүүхэд эхээс мэндлэхэд тархи нь 100 сая орчим эстэй байдаг ба улмаар 5 нас хүрэхэд хүнд байх тархины эсийн 80-85 хувь нь бүрэлддэг. Түүнчлэн хүний тархины жингийн 87 хувь нь гурав хүртэлх насанд бүрэлддэг.

Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд тархины эсүүд нь асар түргэн хурдтайгаар буюу секунд тутамд 700-1000 шинэ холбоос үүсгэдэг. Бага насанд бий болсон мэдрэлийн эсийн холбоосууд нь тархины хөгжлийн уян хатан байдлын суурь болж, хүүхдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд, насан туршийн суралцах чадавх, аливаа өөрчлөлтөд дасан зохицох сэтгэл зүйн чадварын үндэс болдог ажээ. Энэхүү шинжлэх ухааны баримт нь бага насны бүх хүүхдийн хувьд ээж, аавын хайр халамж анхаарал, хоол тэжээл, эрүүл мэнд болон танин мэдэхүйн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа нэн чухал болохыг тодруулж байна. Өөр нэгэн баримт дурдвал 3 настай хүүхдийн тархи насанд хүрсэн хүний тархинаас хоёр дахин илүү идэвхтэй, хурдтай, уян хатан байдаг. Гэтэл тархины хурд буюу уян хатан байдал нь хүүхдийг 7 насанд хүрэхэд 50 хувиар буурдаг гэдгийг тархи судлалын эрдэмтэд нотолж байна.

Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд буюу эрчимтэй хөгжлийнх нь үед тархины хөгжлийн хэрэгцээ хангагдахгүй байвал хожим засаж залруулахад ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө төсөв шаардагдах төдийгүй хүссэн үр дүнд хүрэх найдлага ч эрс багасах болно. Бага насны гачигдлаас улбаатай хоцрогдлын хожим илрэх хүндрэл, бэрхшээлийн цар хэмжээ нь хэдий чинээ эрт засаж залруулах арга хэмжээ авч чадсанаас шууд хамаарна.

Бага насны хүүхдийн хөгжилд аав ээж, гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо нэн чухал байдаг. Учир нь хүүхэд гэр бүлийн толь болдог. Гэр бүл аз жаргалтай, бие биенээ хүндэлдэг,  хайрладаг бол хүүхдийн нүд гялалзаж нүүр нь инээд хөөр дүүрэн байдаг билээ. Хэрвээ гэр бүлд хэн нэгнээ хүндэлдэггүй, уур уцаартай байх нь магадгүй өлсгөлөн байснаас ч муу үр нөлөөг хүүхдийн насан туршийн амьдралд авчрах нь бий.

Монголын ард түмэн эрт дээр үеэсээ бага балчир насны хүүхдээ хүндлэн өсгөх ухаалаг уламжлалтай ард түмэн. Эмээ, өвөө, ээж, аав минь үр хүүхдээ “хал нь гаднаа хайр нь дотроо”, “буруу эрхлэсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” хэмээх ухаан, сургаалиар өсгөн хүмүүжүүлсэн нь хэт нялцгайран эрхлэхээс илүүтэй ухаажин танин мэдэхийг, бусдын өмнө өөрийгөө тавихаас илүү харилцагч, хамтрагчаа ойлгохыг мэдрүүлж, ойлгуулж, хэвшүүлж байсан юм.

Ялангуяа бага насны хүүхдийн хөгжилд гэр бүлийн орчин суралцах “танхим” болдог. Хэрвээ ээж, аав та хүүхдийнхээ дэргэд ном уншдаг бол таны хүүхэд номонд дуртай болох нь дамжиггүй. Хэрвээ та хүүхдийнхээ дэргэд зорилгогүйгээр гар утас эсвэл аль нэг цахим хэрэгсэл оролдоод, цагийг дэмий өнгөрөөж байвал хүүхэд тань мөн адил аливаад зорилгогүй, сатааран алмайрах зүйлд шимтэн дурлах болно.

Та хүүхдээ “номоо үз”, “хичээлээ давт”, “цаанаа тогло” гэх мэтээр өөрөөсөө холдуулчихаад өөрөө зурагтаа үзээд суугаа бол таны хүү, охин таны хэлсэн зүйлийг барагтай бол хийхгүй л байх болов уу. Хүүхэдтэйгээ ном үзэх, хүүхэдтэйгээ тоглох зэргээр цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлэх нь хүүхдийн болон таны “амьдралын чанар”-т нэн сайнаар нөлөөлөх болно.

“Амьдралын чанар” гэдгийг судлаачид, эрдэмтэд олон талаас нь түмэн янзаар тайлбарлах боловч бидний энд өгүүлж буй агуулгад “танай гэр бүлийн хамтдаа инээж, баяр хөөртэй, аз жаргалтай байх хугацаа”-аар тодорхойлогдож байгаа юм.

Хүүхэд бол танай гэр бүлийн толь. Та толинд өөрийн дүрсээ толидон хардгийн адил хэн нэгнээс өөрийн зан, үйлээ тольдмоор байгаа бол охиноо, хүүгээ ажиглан шинжээрэй.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх