Хүмүүжил

image

Сургуулийн өмнөх 3-6 насны хүүхэд цэцэрлэгээсээ тоглоом, очсон айлаасаа ямар нэгэн эд зүйлсийг гэртээ авчрах нь олонтоо тохиолддог. Хүүхдийн энэ үйлдэл нь тухайн зүйлсийг маш ихээр сонирхож, түүнийг өөртөө байлгах их хүслээс нь үүдэлтэй юм. Мөн "минийх", "чинийх" гэсэн өмчлөх харилцааг хараахан ойлгож амжаагүй байдаг.

Гэхдээ ингэх нь буруу гэдэг ойлголтыг хүүхдэд хэрхэн ойлгуулах вэ?

  1. Эхлээд хэн нь хэний юм болохыг тайлбарлан хэлж өгөөрэй. Эцэг, эх нь хүүхдийнхээ тоглодог тоглоом, өмсдөг хувцас зэргийг авахдаа өөрөөс нь зөвшөөрөл авч бай. Буцаан өгөхдөө "өөрийнхөө эд зүйлийг бусадтай хуваалцдаг ямар сайн хүүхэд вэ" гэж урамшуулаарай.
  2. Гэр бүлийн гишүүд ч бусдынхаа эд зүйлсийг зөвшөөрөл хүсч авах нь хүүхдэд үлгэр дуурайлал болно.
  3. Хүүхэдтэйгээ жүжигчилсэн тоглолт хийж болно. Хүний юмыг гуйхдаа эелдэг харилцах, ямар дүр төрх үзүүлэх хэрэгтэйг зааж болно. Мэдээж хөмсөг зангидан, ширүүн дуугаар гуйхгүй нь ойлгомжтой шүү дээ.
  4. Үүний зэрэгцээ хүний эд зүйлсийг эвдэж гэмтээсэн бол уучлалт гуйж байх ёстойг сануулаарай.
  5. Бусдын эд зүйлийг эзнийх нь зөвшөөрөлтэй авсан ч гэсэн өөрийн мэт хайрлан гамнах хэрэгтэй. Энэ нь хүний итгэлийг дааж сурах хамгийн анхны дүрэм гэдгийг ярьж өгөөрэй.
  6. Хүүхэд өөртөө үйлчлэх дэлгүүрээс авахыг хүссэн зүйлээ бариад гарах нь бий. Энэ тохиолдолд "авахыг хүссэн болгон чинь чинийх биш шүү" гэдгийг хэлж ойлгуулаад хойш тавилгүй буцааж өгөөрэй.
  7. Хүүхдийн халааснаас, цүнхнээс бусдын тоглоом, үзэг, бал гэх мэт зүйлс гарч ирвэл шууд орилж, хашгиран загнах хэрэггүй. Асууж ярилцаад эргүүлэн өгөх хэрэгтэй гэж хэлээрэй.
  8. Нэгэнт авчихсан бол хүүхэдтэйгээ хамт явж буруугаа хүлээн буцаан өгөхөд хань болоорой! Тэгээд дахин авахгүй гэсэн амлалтыг хүүхдээсээ хүс.
  9. Дараачийн удаа дэлгүүр болон айлд очих, ангидаа орохын өмнө АМЛАЛТЫГ нь сануулаад, итгэж байгаагаа хэлээрэй.

Хэрвээ бусдын юмыг дахин дахин дураараа авсаар хулгайн шинжтэй нь танд мэдрэгдвэл хүүхдээ загнахаасаа өмнө сэтгэлзүйчид цаг алдалгүй хандаарай.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх