fbpx

Хүүхдийн хөгжил

image

Эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна.

ҮГЭН ХАРИЛЦААГ НЭМЭГДҮҮЛЭХ

Үг болон үйлдлээрээ бага насны хүүхэд өөрийн хүслээ илэрхийлж томчуудаас туслалцаа авдаг. Аутизмын хүрээний эмгэгтэй болон хэл ярианы хоцрогдолтой хүүхдэд энэ үгэн харилцааг нэмэгдүүлэх арга нэн тохиромжтой. Бид өдөр тутам хүүхэдтэйгээ харилцахдаа хүүхдийг өөрөө хэлэх, ярих боломжийг олгох хэрэгтэй.

Жишээ нь: Хүүхдэд хүний юмыг гуйж авах хэрэгтэйг зааж өгөх хэрэгтэй хэрвээ гуйж авахгүй булааж авбал гуйж авах хүртэл нь өгөхгүй байх нь зүйтэй. Мөн хүүхэд хөргөгчрүү заалаа гэж бодоход эцэг эх нь аан ундаа уух гэж байна гээд шууд хүссэн зүйлийг нь аваад өгчихдөг харин үүний оронд ундаа уух уу? гээд асуугаад "ундаа" гэж хэл гээд муухан ч гэсэн хэлүүлээд өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн ярих хүсэл төрж харилцааны зөв аргад суралцах юм.

ҮЕ ТЭНГИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ ХАМТ ТОГЛУУЛАХ

Энэ арга нь хүүхдэд маш үр дүнтэй. Бид өөрсдөө хичээгээд хийлгэж, ойлгуулж чадахгүй байгаа зүйлийг хүүхэд маань бусад үе тэнгийн хүүхдүүдийн дунд илүү сайн суралцдаг. Амралтын өдрөөр хамаатны хүүхдүүдтэй тоглуулах, зуны амралтаар хүүхдүүдтэй ойр байлгах нь бусадтай харилцах харилцаанд, нийгэмшихүйн чадварт сайнаар нөлөөлнө.

АМЬД ХАРИЛЦААГ ЧУХАЛЧИЛАХ

Зарим хүүхдэд тогтвортой суух нь хүндрэлтэй байдаг. Зайлшгүй суух шаардлага гарсан үед болон заримдаа хүүхэд авахыг хүссэн болохоор эцэг эхчүүд утас, компьютер, iРad зэргийг өгч тоглуулдаг. Энэ нь хүүхдийг улам дотогшоо, хаалттай, бусадтай харилцах хүсэлгүй болоход нөлөөлдөг. Харин хүүхэдтэйгээ дотно, амьд харилцаатай байхыг хичээгээрэй. Зөв суу гээд удаан суулгах нь хүүхдэд хэцүү учраас сонирхолтой хэсэг хугацаанд тогтвортой суух боломжтой зөв орчинг бүрдүүлж өгч болно.

Жишээ нь: Сүвлэдэг, өрдөг, өнгө өнгөөр ялгадаг гэх мэт тоглоомнууд өгөөд тоглуулж болно.

Амьд харилцаатай байхын тулд эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав гаргадаг байх хэрэгтэй. Хамтдаа тоглох, ном унших, агаарт гарах, ярилцах, дэлгүүрээр явах гээд олон аргаар харилцаагаа сайжруулж болно.

ЭЕРЭГ ЗӨВ ЗАН ҮЙЛИЙГ БАТАТГАХ, БУРУУ СӨРӨГ ЗАН ҮЙЛИЙГ БАГАСГАН АРИЛГАХ

Аутизмийн хүрээний эмгэгтэй хүүхэд бүр өөр өөр байдаг. Эмгэгийн шинж тэмдэг, хувь хүний онцлог зэргээс шалтгаалаад хүүхдэд сөрөг зан үйл илрэх тохиолдол байдаг.

Жишээ нь: Хүүхэд уур бухимдлаа зөв илэрхийлж, хянаж, удирдаж чадахгүйгээс өөрийгөө бэртээх, эд зүйлсийг болон бусдыг бэртээх зэрэг үйлдэл гаргадаг. Энэ үед нь /сөрөг зан үйл/ болохгүй гэдгийг тайлбарлаад болиулах, тайвшрах зөв аргыг олох хэрэгтэй.

profile

Зөвлөх: Г.Нямпагма

Аутизм- Монгол Анд ТББ-ын Сэтгэл зүйч

X
Нэвтрэх