fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Агаарын бохирдлын үед илрэх хордлогын шинж тэмдэг нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, тайван бус болох, зүрх дэлсэх, амьсгалын тогтолцооны болон мэдрэлийн эмгэгүүдээр илэрдэг.

Бохирдолтой үед ихэвчлэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс, хортой нөхцөлд ажилладаг, тамхи татдаг хүмүүс илүү өртөмтгий байна. Агаарын бохирдолтой үед гадаад орчинд маск хэрэглэх, цэвэр агаарт гарах, дотоод орчинд агааржуулалт, агаар шүүгч хэрэглэх зэргээр эрүүл мэндээ хамгаалахыг хичээдэг. Тэгвэл ийм үед эрүүл мэндээ хамгаалахын тулд хоол хүнсээ зөв тохируулж, илчлэг, тэжээллэг чанар сайтай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй.

Өвлийн улиралд Монгол хүний гол хоол хүнс нь мах бөгөөд дээрээс нь гурил, сүү цагаан идээ, ногоо, жимсийг ч өдөр тутам хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдлын үед антиоксидант болох А, С, Е аминдэм, селен, омега-3-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Антиоксидант гэдэг нь исэлдэлтийн эсрэг гэсэн үг бөгөөд бодисын солилцооны үед хүний биед исэлдэх процесс явагдаж үүний улмаас чөлөөт радикалууд үүсч байдаг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсч эсийн бүрхүүлийг гэмтээж, дархлаа сулрах, өвчлөмтгий болох улмаар хавдар үүсэх аюулд хүргэдэг.

Иймээс бид агаарын бохирдлын үед:

С АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

С аминдэмээр баялаг хүнс жимс, жимсгэнэ аньс, нэрс, чацаргана, жүрж, нохойн хошуу, усан үзэм, нимбэг гэх мэт

С аминдэм нь хүний биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалж, биеийн дархлааг сайжруулах, халдвараас сэргийлэх, хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлнэ.

А АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

А аминдэмээр баялаг хүнс нь цагаан лууван, шар лууван, бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, жимс, үхрийн өөх, малын сүү, цөцгийн тос, мөн байцааны төрлийн ногоонууд.

Биеэс хорыг гадагшлуулахад исэлдэлтийн эсрэг онцгой үүрэгтэйгээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, халдвараас сэргийлэх нөлөө үзүүлнэ.

 Е АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

Е аминдэмээр баялаг хүнс нь ургамлын гаралтай тос- наранцэцгийн, канолын, оливын, бүхэл үрийн гурил, загас, загасны улаан дүрс, цөцгийн тос, сүү, самар, киви, аньс, төмс, манжин, тоор мөн амтат чинжүү, базалик, яншуй зэрэгт бага хэмжээтэй агуулагддаг.

Хүний эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг нөлөө үзүүлдэг өргөн хүрээний үйлдэлтэй аминдэм юм.

СЕЛЕНЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

Селенээр баялаг хүнс өндөг, сонгино, сармис, үр тарианы гурил, хивэг, малын мах, бразил самар.

Селен хорт хавдрын үүсгэгчийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй, хорт хавдрын өсөлтийг зогсоодог, эсийн бүрхүүлийг хамгаалаад зогсохгүй, Е аминдэмийн исэлдэлтийн эсрэг үйлчилгээг дэмждэг ба мөнгөн ус, хар тугалга, талли ба бусад хорт бодисуудаас  бие махбодыг хамгаалах чадвартай.

ОМЕГА-3-ААР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

Омега-3-аар баялаг хүнс нь бэлчээрийн малын мах, сүү, цагаан идээ, загас, оливын тос, ногоон навчит ургамал юм.

Омега-3 нь бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалж байдаг.

СҮҮ БОЛОН ТАРАГ

Сүү, тараг, цагаан идээ нь кальцийн агууламж өндөртэй, ясны сийрэгжилтээс сэргийлэх хэдий ч агаарын бохирдлын үед хордлого тайлах, гадны хорт нөлөөнөөс хамгаалах тул өдөр бүр сүү, тараг ууж хэвших хэрэгтэй.

АГААРЫН БОХИРДЛЫН ҮЕД ЮУ АНХААРАХ ВЭ?

Агаарын бохирдол нь хөрсийг бохирдуулахаас гадна ил задгай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлдөг.

1.    Тиймээс ил задгай болон зам дагуу зарагдаж буй хүнс худалдаж авахаас  татгалзах

2.    Байшин, пүнз, тагтан дээр хүнсээ хадгалж буй хүнсээ битүүмжилж хадгалах

3.    Утсан, нөөшилсөн хүнсийг хязгаартай хэрэглэх

4.    Архийг тохируулж хэрэглэх

5.    Тамхинаас татгалзах хэрэгтэйг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх