fbpx

Хүүхдийн хөгжил

image

Амьдралынхаа хоёр дахь жилд Даунтай хүүхэд эхлээд ганцаараа сууж, дараа нь мөлхөж эцэст нь хөл дээрээ зогсож сурдаг. Ихэнх хүүхдүүд 3 нас хүрэхдээ гадны ямар нэгэн тусламжгүйгээр алхаж эхэлдэг байна.

Мөлхөх бол хүүхдийн хөгжлийн гол үе шат биш юм. Даунтай хүүхдүүд жирийн хүүхдийн адил мөлхөхгүй байх тохиолдол байдаг. Зарим тохиолдолд мөлхөхгүйгээр эрт хөлд орсон хүүхдүүд байдаг тул мөлхөх нь тийм ч чухал биш юм.

Хөлд орохоосоо өмнө таны хүүхэд янз бүрийн хөдөлгөөн хийнэ. Ихэнх Даунтай хүүхдүүд дөрвөн мөчний булчингийн сулралаас шалтгаалж мөлхөхдөө хоёр хөлөө оролцуулалгүйгээр хоёр гараараа биеэ чирдэг ("элэг дөрөв" мөлхөлт). Зарим хүүхдүүд бөгсөн дээрээ эргэж, зарим нь байрлалаа солихын тулд нэг талаас нөгөө рүү өнхөрдөг байна.

Хүүхэд олон удаагийн оролдлогын дараа орон дотроо эсвэл ширээ, сандлаас түшин зогсож сурдаг. Хөл дээрээ зогсож сурсны дараа тэр сэтгэл хангалуунаар гарт нь хүрэх эд зүйлсийг авахаар ширээнээс түшиж байгаад хоёр тийш алхаж үзнэ. Нэг газраас нөгөө тийш явахад түших зүйл байхгүй бол дөрвөн хөл дээрээ мөлхөж хүрнэ. Тодорхой хугацааны дараа тэр ганцаараа алхаж үзнэ. Эхний удаад ганц алхам хийгээд унасан ч өдөр ирэх тусам ахисаар хөлд орно. Хүүхэд хөлд ортлоо хэн нэгэнтэй хөтлөж эсвэл ямар нэгэн зүйлд тулгуурлан алхах дуртай байна.

ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ

2 нас хүрэхэд Даунтай хүүхэд жижигхэн эд зүйлсийг авах чадвар нь сайжирч, долоовор хуруугаараа тэднийг заадаг болно. Мөн үзэм гэх мэт жижиг ширхэгтэй зүйлсийг хуруугаараа чимхэн авч сурна.

Энэ үед ямар нэгэн зүйлийг гартаа барьж сурсан байхын зэрэгцээ юмыг яаж тавихыг бас сурдаг. Даунтай хүүхдийн хөгжлийн энэ шат удаан үргэлжилдэг ба гартаа таарсан бүх юмыг шиддэг. Хүүхдээ дүрс эвлүүлэх, эвлүүлдэг тоглоомоор байшин барих эсвэл зураг зурах гэх мэт илүү үр бүтээлтэй зүйл хийж сурахыг нь хүлээж буй аав ээжүүдэд энэ байдал нь урам хугармаар санагддаг. Бүх хүүхдүүд энэ үеийг туулдаг ч зарим Даунтай хүүхдийн хувьд хугацаа нь урт байдаг.

Хэрэв танай хүүхэд энэ байдалд удаан байвал та тэвчээртэй байх хэрэгтэй. Аав, ээжүүд хүүхдийнхээ гар доор байгаа зүйлсийг дор дор нь өөрчлөх хэрэггүй бөгөөд учир нь өөрчлөх  тусам таны хүүхэд бүр ч ихээр шидэх болно. Энэ үеийг өнгөртөл та хүүхэдтэйгээ хөдөлгөөн сайжруулах үйлдэл хийж болно. Энэ шатанд тоглоомоо шиддэггүй хүүхдүүд хүртэл туслах хөдөлгөөн хийх гэж яардаггүй.

Эх сурвалж: Дауны хамшинж, 2014 он

X
Нэвтрэх