Хүүхдийн хөгжил

image

Хүүхдийн өсөлт хөгжилд удам угсаа, эцэг эхийн нас, тэдний эрүүл мэнд, газар зүй, цаг уур, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, хувь хүний өсөлтийн хурд, дасан зохицох чадвар зэрэг гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүүхдийн өсөлт хөгжил нь хүүхдийн хоол, асаргаа сувилгаа, хөгжүүлэх үйл ажиллагаа, асран хамгаалагчдын соёл, боловсролын түвшин, амьдралын орчин нөхцлийг илтгэх шалгуур ч болдог. 2-10 насны хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих гол газар нь гэр бүл, цэцэрлэг, сургууль юм.

Өсөлт, хөгжил гэдэг нь хүүхэд бие бялдар, танин мэдэхүй, хөдөлгөөн ба нийгэм сэтгэлзүйн хувьд хөгжихийг хэлнэ.

Өсөлт гэдэг нь биеийн жин, өндөр, бүх эрхтэн тогтолцоо өсч томрохыг тоон үзүүлэлтээр илэрхийлдэг. Хөгжил гэдэг нь бие махбодын бүх үйл ажиллагаа, мэдрэл сэтгэхүйд гарах чанарын үзүүлэлт юм.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлт хөгжлийн талаар мэдлэгтэй байхаас гадна эмчээр хүүхдийнхээ өсөлт хөгжилд цаг тухай бүр үнэлгээ өгүүлснээр хүүхдүүддээ өгч байгаа хоол тохирч буй эсэх, өсөлт, хөгжил хэвийн явж байгаа эсэхийг мэдэж болохоос гадна тураал, өсөлтийн хоцрогдол, хүнс хоол дутагдал, таргалалт, оюун ухаан, сэтгэцийн хоцрогдол байгаа эсэхийг мэдэж түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмчийн заавраар авч хэрэгжүүлэх боломжтой.

Хүүхдийн өсөлтийн явцыг мэдэхийн тулд 2-5 насны хүүхдийг улиралд нэг удаа, сургуулийн бага ангийн хүүхдийг хагас жилд 1 удаа эмчид үзүүлж хүүхдийн өсөлтийн хүснэгтэд тэмдэглэгээ хийлгэж байх ёстой.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх