fbpx

Эрүүл мэнд

image

Хүний биед үүрлэн, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнээр хордуулж байдаг хэсэг төрлийн хорхойг шимэгч гэдэг. Тэдний үйл ажиллагааны улмаас тэжээж, тээж яваа хүн өвчилдөг. Энгийн ярианд ийм хорхойг цагаан хорхой гэж нэрлэж, энэ хорхойгоор халдвар авсныг цагаан хорхойтох гэж ярьдаг.

Бохир гар, хоол хүнс, эд юмс /хүүхдийн байгууллагад тоглоом, хөтөвч, аяга, халбага гэх мэт/ ховор тохиолдолд усаар дамжин шимэгч хорхойн өндөг хүнд халддаг.

Гол шинж тэмдэг нь хошного орчим загатнах. Загатналт нь ихэвчлэн шөнөөр буюу хүүхэд хувцсаа тайлсны дараа ихэсдэг. Загатналт нь янз бүр, бага зэрэг загатнахаас эхлээд хүчтэй өвдөлттэй дүйцэхүйц хэмжээний их загатнадаг ч бий. Үүнээс болж бага насны хүүхэд тавгүйтэх, уйлах шинж гарна, мөн шөнө загатнаж байгаа тохиолддог нэг шинж нь хүүхэд шүдээ хавирдаг. Маажсанаас арьсыг гэмтээж, хоёрдогчоор халдвар орох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна хумсан завсар өндөг орж хоол хүнстэй хамт болон хуруугаа аманд хийх үед эргэж халдварладаг. Шөнө орой тайван унтаж чадахгүй, тайван бус болж, цочромтгой, сэтгэл санааны тогтворгүй байдалд ордог мөн хоолны дуршил алдагдаж, хүүхэд турдаг. Охидод ариун цэвэр сайн сахихгүй бол хошногоос бэлэг эрхтэн үтрээ, умай руу цаашилбал өндгөвч гэх мэт бусад эрхтэн рүү дамжин үрэвсэж, халдвар үүсгэх эрсдэлтэй.

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ

Шимэгч хорхой нь хүний биед нэвтрэхийн тулд гурван хоригийг давж гарах хэрэгтэй болдог.

Нэг: - амны хөндийн ферментүүд

Хоёр:  - ходоодны хүчиллэг орчин

Гурав: -  гэдэсний хэсгийн дархлаа юм.

Гэвч ядарсан, өөр халдвар хавсарсан, витамин дутагдсан гэх мэт биеийн дархлаа суларсан үед бүх хаалт нь зохистой байдлаар ажилладаггүй. Шимэгч хорхойн өндөг амаар орон хоол боловсруулах замд орж нарийн гэдсэнд ирэн өсч эхэлдэг. Цаашид бүдүүн гэдсэнд хүртэл амьдардаг. Эр цагаан хорхой нь 7 хоног амьдрах чадвартай, эм нь 5-13 долоо хоног амьдардаг. Эр, эм шимэгч хорхой нарийн гэдсэнд үржилд ормогц эр нь үхэж өтгөнтэй хамт гадагшилдаг. Үр тогтсон эм хорхой анусанд ирж өндөглөдөг. Энэ маягаар хүн бөгсөө маажсаны дараа гараа угаалгүй хоол хүнсээ барьж идэх, гараа амандаа хийх, бага насны хүүхэд тоглоомоо амандаа хийх гэх мэт гарын ариун цэвэр сахиагүйн улмаас дахин дахин халдварладаг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Цагаан хорхойн шимэгч нь бохир гар, хоол хүнсээр дамжин халдварладаг тул гарын ариун цэврийг сайтар сахиж, гарыг ойр ойрхон угаалгах, хумсыг дор дор нь авах, хоол хүнсийг сайтар жигнэж болгож идэх, жимс жимсгэнийг сайтар угааж, хальсыг нь авч идэх нь чухал юм.

Түүнчлэн хувийн ариун цэврийг сахиж, ор хөнжлийн даавууг долоо хоногтоо нэг удаа угааж, индүүдэх, халдвар авсан үед дотуур хувцсыг өглөө бүр буцлам халуун усанд угааж, индүүдэн өмсөх дадалтай байх нь чухал юм.

Бүх аймаг дүүргийн нян судлалын лабораторид шинжилгээ хийдэг учир оношлоход амархан.

Онош тогтоогдсон үед хүүхдийн мэргэжлийн эмчид хандаж эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх