6 нас

image

Зургаан настнууд сургуулийн босго давна. Эцэг эх, асран хамгаалагчид болон зургаан настай багачуудад маш чухал цаг үе ирж байгаа учраас үүнд эртнээс бэлтгэх хэрэгтэйг багш, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хүүхэд сургуульдаа хурдан дасаж, багшийн заасныг төвөггүйхэн сурахад эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо нэн шаардлагатай. Гэтэл тэс өөр орчин хүлээж буй тэднийг хэрхэн бэлдэх, өөрсдөө юу хийх ёстойг мэдэхгүй эсвэл эргэлзэж байгаа танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Юуны өмнө та дараах асуултад хариулж, хүүхэд тань сургуульд бэлэн эсэхийг бодолцож үзээрэй.

Хүүхэд бүр өөр, өөрийн онцлогтой тул таны хүүхдийн хийж чадаж буй зүйлийг өөр нэг нь хийж чадахгүй байх, өөр хүүхдийн хийж чадаж буй зүйлийг таны хүүхэд хийж чадахгүй байж болно гэдгийг санаж хүүхдээ бусадтай бүү харьцуулаарай.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД АНХААРУУЛАХАД

  • Хүүхдэд тань даалгавраа хийх тохитой орчин байна уу?
  • Хүүхдэд биед нь таарсан ширээ сандал байна уу?
  • Та өөрөө яаж бэлтгэгдсэн бэ?
  • Хүүхэдтэйгээ ажиллах арга техникийг эзэмшсэн үү?
  • Хүүхдэдээ үлгэр уншиж өгдөг үү?
  • Хүүхдэд тань зурж буддаг ном нь бий юу?

ГЭРИЙН ХҮМҮҮЖИЛ НЭН ЧУХАЛ

Ажлын байрны зар бол өнөөдрийн нийгмийн шаардлага дээд боловсролтой, мэргэжлээрээ хэдэн жил ажилласан, багаар ажиллах чадвартай, зөв дүр төрхтэй гэх мэт олон шаардлага тавьдаг. Мэргэжлийн болон дүр төрх, бие физиологийн шаардлагыг эцэг эх одоо шийдэх боломжгүй. Харин харилцааны соёлтой, бие дааж багаар ажиллах чадвартай, өөртөө итгэлтэй, ажлын ачаалал даах зэрэг чадваруудыг гэрийн хүмүүжил, эцэг эхийн үлгэр дуурайл болон багшаас авдаг байна.

ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ БАЙХААС НЬ СУРГУУЛЬД БЭЛД

Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт байхад нь анхаарахгүй байснаа сургуульд ороход нь бие даах чадвар бус хичээлийн агуулгад анхаарч эхэлдэг байна. Гэтэл хүүхэд нэн түрүүнд өөртөө үйлчлэх чадварыг эзэмшсэн байх ёстой.

ҮСЭГ ЗААХ ШААРДЛАГАГҮЙ

Сургуульд орохоос өмнө хүүхдэд үсэг заах шаардлага байдаггүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүүхэд нэгэнт сурсан зүйлээ дахин заалгахдаа сонирхолгүй байдгаас гадна эцэг эхийн заах арга барил багшийнхаас зөрдөг тул хүүхэд эргэлзэж эхэлдэг.

Орчин үед үсэглэж бус үеийн аргаар уншихыг зааж байна. Тиймээс багштай ойр харилцаатай байж багшийн заах аргыг эзэмших хэрэгтэй.

ХИЧЭЭЛИЙГ ЗУГАА БОЛГО

Хүүхдийг загнаж зандрах бус, хичээлийг нь тоглоомын аргаар хийж сургахад суралцаарай. /тоглоомын аргын талаар энд дарж уншина уу/

ХҮҮХДИЙНХЭЭ ЗУРЖ БУДАЖ БАЙГААГ АЖИГЛА

Гар бугуйгаараа хаашаа ч чөлөөтэй хөдөлгөж чадаж байвал хүүхэд гоё бичнэ. Тойргоо будаж чадахгүй байгаа бол томоос жижиг рүү, жижгээс том руу гэхчлэн будуулаад байвал таны хүүхэд “А” үсэг бичсэнээс илүү ажил хийж байна гэсэн үг. Элементийн дэвтэрт 12 зурлагаа бичээд сурчихвал хүүхэд дараа нь үсгээ зөв бичиж сурна.

ТА ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ

Өөрийгөө бие даан авч явахад
Сургуулийн сурагч болмогц цүнх, дэвтэр номдоо эзэн болохоос эхлээд хувцсаа өмсөх, тайлах, бие засах зэрэг бүх зүйлээ хүүхэд өөрөө хийх болно. Тиймээс та эхлээд хүүхдээ бие даан явахад ямар хүндрэл гарах билээ гэдгийг эргэцүүлэн хянаж, шаардлагатай зүйл дээр нь туслаарай. Жишээ нь, хүүхэд тань гутлаа үдэж чадаж байна уу, ариун цэврийн цаас хэрэглэж чадах уу гэх мэт.

Тэвчээртэй болоход

Хичээл дээр багш нэрийг нь дуудтал, эсвэл хонх дуугарах хүртэл хүүхэд хүлээх хэрэгтэй болно. Иймд хүүхэд аливаа зүйлийг хүлээж сурахаас эхэлнэ. Мөн сурагч хүнд хийж буй зүйлээ дуусгах тэсвэр, тэвчээр шаардагдана. Үүний тулд эхлээд богино хугацаанд гүйцэтгэх дасгал даалгавар хийлгээрэй. Сонирхолгүй, дургүй зүйлийг нь хийлгэх гэж албадсаны хэрэггүй. Өнгийн харандаа, усан будаг, цаас хайч, баримлын шавар зэргийг байнга ойрхон байлгавал хүүхэд уйдахгүйгээр дуртай зүйлээ хийнэ.

Хичээлд оролцоход

Сургуулийн анги, танхимд зарим үед хүүхэд өөрийнхөө зоргоор байх боломжгүй, зөвхөн ангид явагдаж байгаа хичээлд оролцох, багшийн хэлсэн шаардсаныг биелүүлэх үүрэгтэй болно.  Энэхүү үүрэгт дасгахын тулд гэртээ хувцсаа эмх цэгцтэй тавих зэрэг жижиг гэлтгүй ямар нэгэн даалгаврыг тогтмол хийж биелүүлдэг бол хүүхдэд суралцах хариуцлагаа ойлгоход тус дөхөм болно.

Санаа бодлоо илэрхийлж сурахад

Хэл ярианы хөгжил сайтай хүүхдүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нөхцөл байдалд хурдан үнэлэлт дүгнэлт өгдөг. Насанд хүрэгчид шиг аливаа зүйлд ултай ханддаг бол харин үг дуу цөөтэй зарим нь бусдын царай хардаг, аливаа зүйлд амархан шантардаг, нийтэч биш байх тал ажиглагддаг. Хүүхэд анги болон гэртээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгоход эцэг эх, асран хамгаалагч анхаарч эртнээс бэлтгэнэ.

Хүүхдийг багаас нь тухайн зүйлийн юу нь таалагдаж, юу нь таалагдахгүй байгаа, юу нь сайхан, юу нь муухай байгаа гэх мэтээр сэтгэгдлийг нь асууж ярилцаж, дасгах хэрэгтэй. 5-6 настай хүүхэд ярих маш их дуртай, голдуу өөрөө санаачилж ярьдаг. Ийм учраас болсон үйл явдлын тухай хүүхэдтэйгээ ярьж түүнийг дэмжиж яриулна.

Ой тогтоолтыг сайжруулахад

Сургуульд ороод хүүхэд тань олон үсэг нүдэлж, тоо тогтоох хэрэгтэй болно. Номоор дамжуулан та хүүхдийнхээ ой тогтоолтыг сайжруулах ажиглуулах, харьцуулах, ангилуулах, тоолуулах үйлдлийг тогтмол хийлгээрэй.

/Японы Хүүхдийг ивээх сангийн "Та өөрөө багш" ном болон “Бага насны хүүхэд хөгжлийг дэмжих төв”-ийн сургалтын менежер Т.Энхсайханы зарим зөвлөгөөг хүргэсэн болно/

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх