fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу, хүүхдийн сэтгэлзүйчээс уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй байна. Охин маань багаасаа аймхай байна гэдгийг багш нар нь хэлж байсан. Миний санаж байгаагаар 5 настай цэцэрлэгт явж байхад багш нь зүрх муутай юм шиг байна өөр хүүхэд загнаж байхад хамаг гарынх нь хөлс гараад айсан байна гэсэн. Цэцэрлэгт байхад нь тэр болгон багштай нь уулзаж амждаггүй байсан 3-4 цэцэрлэгт ээлжилж явуулсан. Дунд нь ханиад их хүрдэг байсан. Сургуульд ороход нь би ажлаасаа гарч завтай байсан. Хичээлийг нь сайн хийлгэдэг байсан ч хүүхдүүдтэй сайн найзлахгүй байна, маш томоотой огт гүйдэггүй гэх мэт үгсийг багшаас нь сонсдог байсан.

Нэг хэсэг 4-р ангид орох жилдээ уушги нь өвдөн тэр жилдээ их чөлөө авч байсан. Хэд хэдэн удаа уушигны дуранд орсон тул дахин ханиад хүрэхээс айгаад сайн эдгэртэл нь агаарт гаргаж өвлийн амралтын дараа гайгүй болсон.

Бусад эцэг эхчүүд улам зайгаа бариад байгаа ч юм шиг санагддаг болсон. Одоо дунд ангид ороод улам л хичээлдээ явах дургүй, дүн нь муудаж байна.

Нөхөр бид хоёр байнга ажилтай өдөр гэртэй ганцаараа үлддэг. Нэг нохойтой, ер нь амьтанд маш их хайртай юм. Ном их уншдаг байсан. Их ганцаараа байгаад сурсан тул сургуулийн шуугианд их ядардаг бололтой.

Томчуултай итгэж ярих нь багасаад саяхан бүр багшийнхаа үгийг сонсоогүй юм шиг хариу үйлдэлгүй суугаад байсан гэсэн. Яаж хүүхдэдээ туслахаа мэдэхгүй заримдаа аргаа барах юм. Заримдаа ч зүгээр юм шиг гэртээ энгийн хөгжилтэй л байдаг. Надад ямар зөвлөгөө өгөх үү? Гаднын дадлагын багшид бас л хамгийн түрүүнд нүдэнд тусч өөртөө хана босгодог хүүхэд байна гэсэн. Манай гэр бүлд тусалж чадна гэдэгт найдаж байна. Удахгүй хариу хүсье. 

Хүндэтгэсэн: Г…

Сайн байна уу, захианаас харахад охин тань нийгмээс айх айдастай байна. Гаднын мэдээлэлд мэдрэмтгий, эмзэг төрлийн хүүхэд бололтой. Өөрөөр хэлбэл бусдын харц, хоолойн өнгө, өөрт нь хандах хандлага гээд орчноо тэр чигт нь хүчтэй мэдэрдэг тул бусдаас амархан ядардаг гэсэн үг юм. Багшийнхаа асуултад хариулахаа больж байна гэдэг нь охин улам дотогшоогоо болж энэ нь өөрийнх нь персоналити буюу бусадтай харилцах хэв маяг нь болж тогтож байна гэсэн үг.

Тиймээс одооноос анхаарах хэрэгтэй. Та охиндоо санаа тавин тусламж хүсч байгаа нь сайн байна. Та хэлсэн байна, өдөржин гэртээ ганцаараа байдаг гэж. Мэдээж байнга ганцаараа байдаггүй байх, ихэнх үед гэж ойлголоо. Төрөлхийн мэдрэг, дотогшоогоо зан төрхийн онцлог дээр нь ганцаараа байгаад байвал улам л өөртөө төвлөрч улам мэдрэг болоод байдаг. Тиймээс бага багаар бусадтай байлгаж дасгах хэрэгтэй.

Зөвхөн гэр бүлийн дотно хүмүүсээс гадна танихгүй хүмүүстэй уулзуулж, та өөрөө гадуур дагуулж явж байх хэрэгтэй, хамаатан, найз нөхдийндөө дагуулж очиж байгаарай. Охинтой уулзан ярилцаж үзвэл цаана нь яг ямар шалтгаан байна, өөрөө энэ байдлаа яаж харж байна, бас та яаж тусалж болохоор байна гэдгийг тодруулах боломжтой. Тиймээс та охинтойгоо сэтгэл судлаачтай уулзах талаар ярилцаж зөвшөөрлийг нь аваад сэтгэл судлалын үндэсний төв рүү холбогдоорой. 

profile

Зөвлөх: Б.Алтанцэцэг

ССҮТ, Сэтгэл судлаач

X
Нэвтрэх