Цус багадалт өвчин нь 3 хүртэлх насны хүүхдэд хамгийн элбэг тохиолдох бөгөөд ялангуяа төмөр дутлын цус багадалт илүү түгээмэл юм.
Учир нь бага насны хүүхдийн өсөлт хөгжил хамгийн эрчимтэй явагддаг ба тэр өсөлтийг хангах шимт бодисын шаардлага өндөр байдаг. Нөгөө талаас хоол тэжээлээр авсан төмөр шингэхэд чухал үүрэгтэй ходоодны шүүсний хүчиллэг чанар хүүхдийн нас бага байх тутам сулхан байдгаас төмөр дутлын цус багадалтанд хүүхэд маш өртөмтгий байдаг.
ТӨМӨР ДУТЛЫН ЦУС БАГАДАЛТ
Хүний цусны ихэнх хэсгийг улаан эс эзэлдэг бөгөөд түүний бүтцийн хамгийн гол хэсэг нь төмөр ажээ. Улаан эсийн үндсэн үүрэг нь эд эрхтнийг хүчилтөрөгчөөр хангах явдал юм. Хүчил төрөгчөөр хангагдсан эд эрхтэн нь хэвийн үйл ажиллагаа явуулах чадвартай болдог.
Жирэмсний сүүлийн хагаст урагт төмрийн нөөц бүрэлдэн гүйцэт төрсөн хөхүүл хүүхэд 5-6 сар хүртлээ хэрэглэх 300-400 мг төмөр болон эрдэс бодисыг эхээсээ нөөцөлж авсан байдаг. Тэр нөөц зарцуулагдаж дуусах үед хүүхдэд төмөр дутагдаж эхэлнэ. Иймээс 3 хүртэлх насны хүүхэд өдөр бүр 8 мг төмрийг хоолоор авах шаардлагатай болдог. Энэхүү авах ёстой төмрийг нөхөж өгөхгүй эсвэл хоолоор орж буй төмөр нь шингэхгүй /тухайлбал суулгалтын улмаас/ бол Төмөр дутлын цус багадалт үүсдэг.
ЦУС БАГАДАЛТ ӨВЧИН ҮҮСЭХ УРЬДАЛ НӨХЦЛҮҮД
- Хүүхдийг эрт хөхнөөс нь гаргах
- Нэмэгдэл хоолонд хожуу оруулах
- Удаан хугацаагаар нэг төрлийн хоол өгөх
- Суулгалт өвчнөөр ужиг өвдөх
- Рахит тураал болон цочмог халууралт өвчнүүдээр олон дахин өвчлөх
- Эх нь жирэмсэн үедээ цус багадалттай байх
- Дутуу төрөх
Эх сурвалж: Хүүхдийн цус багадалт өвчин, НЛМ-Норвегийн тусламжийн байгууллага