Мэдээ, мэдээлэл

image

Нэр гэдэг нь бидний хувьд энгийн юм шиг хэрнээ олон далдын хүч бэлгэ дэмбэрлийг агуулдаг чухал зүйл ажээ. Айлд шинэ хүн мэндлэхэд эцэг эх нь ламаас нэр асууж, хувь заяаг нь тэгшилдэг уламжлал өнөөгийн бидний үед мартагдах дөхсөн гэлтэй ээж, аавууд чамин сайхныг нь л бодож онцгой нэр хайрлахыг хүсдэг болж. Гурван өдрийн дотор нэр хайрлаж, аав  нь насан туршдаа дуудуулах тэр эрхэм нэрийг нь хөвгүүн байвал баруун чихэнд нь, охин төрвөл зүүн чихэнд шивнэдэг Монгол заншил бий.

  • Бяцхан үрдээ танхил насанд нь дуудах чамин нэрийг биш өтөл насанд нь дуудахад тохиромжтой нэрийг сонгох нь чухал байдаг аж.
  • Нэрийг дутуу, хагасалж дуудахыг цээрлэдэг. Бүтэн нэрээр нь дуудах тусам заяа буян нь тэгш байдаг.
  • Богино настай цэцэгний нэр хүүхдэдээ бүү өг.

Судлаач, лам нар хэрхэн нэр хайрлах тухай:

Хамба лам Д.Чойжамц: ТӨРСӨН ӨДӨРТЭЙ НЬ  УЯЛДУУЛ

Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх гээд бүх зүйл нарийн дэгтэй. Нэр хайрлахдаа эхлээд аавынх нь нэртэй хоршихуйц дуудлага эвтэйхэн байна уу гэдгийг анхаар. Мөн төрсөн өдөртэй нь уялдуул. Хэрэв хүүхэд тогтдоггүй айл шинэ хүнтэй болбол цээрлэх нэр өгөх хэрэгтэй. Ийм нэртэй хүүхдүүдийг шоолоод хэрэггүй. Харин ч хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Буян заяаг нь дүүрэн байлгах бэлгэдэлтэй нэр хайрласнаар таны хүүхдийн хувь тавилан дардан байх болно. Мөн хүүхдээ зөв хүмүүжүүлснээр бид хүн болж төрснийхөө хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өтлөх насны аз жаргал нь хүүхэд сайн явахад оршино.

Бурхан урлаач Д.Ухаанзаяа: ХҮҮХДЭД БУРХНЫ НЭР ӨГӨХ САЙН

Хүүхдэд нэр өгөх тусдаа судар онол, тогтолцоо бий. Эхлээд аав, ээжийнх нь нэрийг судалдаг. Үсэг бүхэн өөрийн махбодтой байдаг. Эцэг, эхийн нэрэнд усан махбод давамгайлбал шинэ төрсөн хүүхэд усан махбодтой өдөр төрчихөж гэсэн үг. Тэгэхээр Сүмбэрбилгүүн гэсэн нэр тохиромжтой. Учир нь битүү далайн усанд доошоогоо найман түмэн бээр, дээшээгээ найман түмэн бээрийн хэмжээнд сүмбэр уул оршиж байна.

Мөн хүүхдэд бурхны нэр өгөх сайн. Бидний дунд Намсрайжав, Дэмчиггарав, Гонгоржав, Банзрагч, Сундуйжав, Жамсран, Манал гэсэн бурхны нэртэй хүн элбэг. Жишээ нь: Манал бол эмийн хаан, отчийн хаан гээд хөх лагшинтай бурхан юм. Тэгэхээр тухайн хүн жаахан бие муутай байсан байх нь.

Бясалгалч Ц.Саранцэцэг: ХҮНИЙ НЭР ДЭЭР ҮЙЛИЙН ҮР НЬ КОДЛОГДДОГ

Хүний нэрийг хэдэн мянган жилийн тэртээгээс оноочихсон байдаг. Түүнээс аав, ээж, лам өгч байна гэж бодож болохгүй. Учир нь тухайн хүүхэд төрөхдөө л нэрээ авчихсан түүнтэйгээ зохицохуйц зан араншин, хувь заяагаа зурчихсан төрдөг. Хүний нэр дээр эхнээсээ үйлийн үр нь кодлогдчихсон байдаг юм. Тиймээс нэрийг дутуу, хагасалж дуудахыг цээрлэдэг. Бүтэн нэрээр нь дуудах тусам заяа буян нь тэгш байдаг.

Эх сурвалж: 1212.mn, "Зууны мэдээ" сонин

X
Нэвтрэх