fbpx

Хүмүүжил

image

"Баяр хөөр дүүрэн балчир нас – Хүүхдийг гурван нас хүртэл өсгөж хөгжүүлэх Монтессори арга ухаан" номын хэсгээс та бүхэндээ хүргэж байна.

Сонирхуулахад, номын зохиолч Сюзан М.Стивенсон Монголд элэгтэй нэгэн бөгөөд анх 2015 онд Улаанбаатар хотод ирж, хөдөө орон нутгаар ажиллаж байжээ. Тэрбээр номынхоо нүүрэн дээр Монгол хүүхэд зурж оруулсандаа их сэтгэл хангалуун явдаг аж.

Номыг уншсан хүн бүрд гурав хүртэл насны хүүхдийн онцлог, тэдний хэрэгцээ шаардлагыг маш энгийн бөгөөд ойлгомжтой хэлбэрээр бичсэн болохыг ойлгох буй заа. Ялангуяа, нэг ой хүрээгүй хүүхдийн онцлог, тэд яагаад уйлдаг, хүүхдээ хөтөвч хэрэглэх, хооллож сурах, хөлд орох, хэл ярианы хөгжил сайтай болох, хамгийн гол нь тайван, өөртөө итгэлтэй, баяр баясгалантай хүүхдийн цаана ямар бэлтгэл ажил хэрэгтэй, ямар орчин бүрдүүлэх, томчууд бид ямар үүрэгтэй болох талаар их тодорхой бичжээ.

Жишээлбэл, дараах бодит зөвлөмжүүдийг тусгасан байна.

Номын хэсгээс:

  • Дөнгөж төрсөн нярай хүүхэд тодорхой хугацааны дараа гадна орчны хурц гэрэл, чанга дуу чимээнд дасч эхэлнэ. Төрсний дараах эхний өдрүүдэд тэднийг ядраахаас зайлсхийж, тавилга хогшил цөөтэй, завсрын зөөлөн өнгөтэй орчинд байлгах хэрэгтэй.
  • Хүүхдийнхээ өрөөг бэлдээд өрөөний голд, шалан дээр хэвтээд эргэн тойрноо анхааралтай ажиж, чих тавин сонсоод үзээрэй. Таны бэлдсэн өрөө аюулгүйсонирхолтой, нүд хужирламаар, тайван уур амьсгалтай болж уу? Хүүхэд чөлөөтэй хөдлөх орчин бүрдсэн байна уу?
  • Эхний саруудад хүүхэд маш мэдрэмтгий, аливаа зүйл тэдний сэтгэлд гүн хоногшдог тул багаас нь цэвэр агаарт гаргаж, салхины аясаар хөдлөх өнгө алагласан модны навчис, шувуудыг жиргээн, цэнгэг агаар, цэцэгсийн анхилуун үнэр зэрэг байгалийн сайхантай танилцуулж заншаарай.
  • Нялх хүүхэд аливаа эд зүйлсийн дэс дараалал, зохион байгуулалтад их мэдрэмтгий, өөрчлөгдөхөд дургүй байдаг тул тэднийг нэг ой хүртэл өрөөний зохион байгуулалтыг өөрчлөхөөс аль болох зайлсхийнэ.
  • Хүүхдийн анхаарал төвлөрсөн үед хажуугаас саад болохгүй явдал бол хүүхдийн хөгжлийг дэмжих хамгийн чухал аргуудын нэг юм. Анхаарал төвлөрөл сайн байх нь хүүхдийн зан төлөв, нийгэмд биеэ авч явах чадварт сайнаар нөлөөлдөг тул хүүхдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг.
  • Хүүхдийн хувьд чухал ажил гэдэг нь тодорхой зорилго агуулсан, тэдэнд аюулгүй (үүнд зурагт үзэх хамаарахгүй, харин гар бие, оюун ухаан дайчилсан ямар нэгэн ажлыг хэлнэ) үйлийг хэлнэ. Ажил хийж байгаа хүнийг хүндэтгэж, саад болохгүй байх нь дэмжлэг үзүүлж байгаа явдал юм.
  • Хөндлөнгөөс магтах, шаардлагагүй үед туслах, эсвэл зүгээр л тэдний хийж байгаа ажлыг харах зэрэг хүүхдэд саад болж, магадгүй ажлаа зогсооход хүргэнэ. Итгэхэд бэрх ч хүүхэд өөрийг нь хэн нэгэн харж байгааг мэдэнгүүт хийж байгаа ажлаа хийхээ болих нь элбэг. Ажил хийж байхад хэн нэгэн харахаар ирэхэд томчууд бид ч гэсэн заримдаа үргэлжлүүлэн хийж чадахаа больдог тал бий.
  • Таны хүүхэд хаздаг уу? Хүүхдийн хэл ярианы хөгжил жигд хэмнэлээр явагддаггүй. Харин огцом хөгждөг ба үүнийг заримдаа хэл ярианы хүчтэй эрмэлзэл буюу тэсрэлт гэж нэрлэх нь бий. Нэг ой хүрээд хүүхэд олон зүйлсийг ойлгож эхэлдэг ба их зүйл өгүүлэхийг хүсдэг. Гэвч өөрийн санаагаа үгээр, өгүүлбэрээр илэрхийлэхээ мэдэхгүйдээ гэнэт их бухимдаж, амаа буруугаар ашигладаг буюу бусдыг хаздаг! Энэ бол сахилгагүйтэж байгаа гэсэн үг биш юм. Ийм үед бид бусад хүүхдийг хамгаалж, бухимдсан хүүхдийг мөн тайвшруулах хэрэгтэй. Хүүхэд бухимдахаас сэргийлнэ. Мөн хэн нэгнийг хазахаас өмнө холдуул! Хаздаг хүүхдэд бие даан өөрөө хийх сонирхолтой ажил санал болгох явдал бол хамгийн үр дүнтэй. Сонирхолтой ажил хийж байгаа хүүхдийн анхаарал гүн төвлөрч, сэтгэл зүйн хувьд тайвширч, хэвийн байдалд орно. 

Үргэлжлэл бий...

X
Нэвтрэх