Боловсрол

"Бидний амьдралын гол зорилго бол аз жаргалыг олох явдал бөгөөд бусдад тус хүргэнэ гэдэг аз жаргалтай болох баттай арга мөн гэдэгт би итгэдэг.

Эхийн хайр, халамжин дор хүний нялх үр хорвоотой танилцаж эхэлдэг ба балчир үедээ хайраар дутаагүй хүмүүс айдас түгшүүр, үл итгэлцлээс ангид, бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг нэгэн болж төлөвшинө.

Монтессори бол яг ийм зорилгыг агуулдаг."

Далай лам, Энэтхэг улс, Дарамсала хот

Хүний хөгжил гурав хүртэлх насанд эрчимтэй явагддаг тухай сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах боллоо. Хүүхэд ихэнх цагаа гэртээ өнгөрөөдөг энэ нандин үед эцэг эхчүүд, томчуудын үүрэг хүүхдийн хөгжилд онцгой ач холбогдолтой аж. Иймд ч Монгол ардын ухаанд "Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа", "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэх мэтээр балчир насны хүмүүжил эцэг эхийн үлгэр дуурайллаас салшгүй холбоотой гэдгийг ухааруулж ирсэн. Бага насанд төлөвшсөн дадал, хандлага насан туршдаа хадгалагдана.

Та бүхэнд "Баяр хөөр дүүрэн балчир нас – Хүүхдийг гурван нас хүртэл өсгөж хөгжүүлэх Монтессори арга ухаан" номыг танилцуулж байна. Цагаан сарын өмнөхөн хэвлэлтээс гарсан тус ном англи, орос, япон, хятад, испани, швед зэрэг олон хэл дээр орчуулагдаж гаржээ. Номын зохиолч, Монтессори багш, зураач, илтгэгч Сюзан М.Стивенсон Монгол оронд элэгтэй нэгэн бөгөөд Монгол уншигчдадаа зориулан номын нүүрэнд Монгол хүүхдийг тосон будгаар өөрөө зурж оруулжээ. Үүндээ ч их сэтгэл хангалуун явдаг аж.

Стивенсон багш ирэх 3 сард Монгол улсад хоёр дахь удаагаа ирэх бөгөөд номынхоо нээлтийг хийх, гурав хүртэл насны хүүхдийн хөгжлийн талаар сургалт хийх бэлтгэл ажилдаа оржээ. Анх удаа 2014 онд Улаанбаатар хотод ирэхдээ гурав хүртэлх насны хүүхдийн оюуны дундаршгүй чадвар, Монтессори сургалтын арга зүйн талаар уулзалт ярилцлага мөн хийж байсан түүхтэй.

Номын орчуулагч Н.Цолмон бол байгаль орчин судлаач мэргэжилтэй ба Япон улсад эрдмийн зэрэг хамгаалж, олон улсын хөгжлийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа сэхээтэн бүсгүй юм. Мэргэжлийн ажлынхаа хажуугаар 0-3 насны АМИ Монтессори багш болохоор АНУ-д мөн суралцаж байгаа. Тэрбээр хэлэхдээ, "Эх хүний хувьд би хүүхдүүдээ аливааг бүтээх сэтгэлтэй, зүтгэлтэй, мэдрэмжтэй нэгэн болгож өсгөхийг хүсч явдаг. Хүүхдийн хөгжлийн талаар судалж яваад Монтессори сургах арга зүйн талаар олж мэдсэн. Монтессори арга барил Монгол ардын ухаантай нэлээд төстэй учраас сэтгэлд их ойрхон, үр дүнтэй санагддаг. "Баяр хөөр дүүрэн балчир нас" номын зохиолчтой анх би 2013 онд Москва хотод танилцаад юуны түрүүнд Монгол улсдаа ирэхийг урьж байсан мэт саяхан мэт. Ингээд номоо албан ёсны орчуулах эрхтэйгээр төрөлх хэл дээрээ орчуулж, олон эцэг эхчүүдэд хүргэх хүсэл минь биелж байгаад би их баяртай байна. Энэ бол иргэн хүний хувьд улсынхаа хөгжилд, Монгол хүүхдийн хөгжилд оруулж байгаа өчүүхэн бэлэг юм" гэв.

Тэрбээр мөн "Миний гэр" Монтессори цэцэрлэгийн хамт олонтой хамтран Олон улсын Монтессори холбоонд (Association Montessori International- AMI)  Монгол улсыг бүртгүүлэх зорилгоор анх "Монголын Монтессори багш нарын холбоо" үүсгэн байгуулжээ. Монтессори арга зүйн ул суурьтай мэдлэг, мэдээлэл эцэг эх, багш нарт олгох, мэргэшсэн гадаад багш нарыг Монголдоо урьж ажиллуулах боломжийг нээхэд холбооны зорилго оршино.

"Монтессори мэргэшсэн багш болохын тулд манай багш, эцэг эхчүүд гадагш явж, Англи хэл дээр явагддаг сургалтанд хамрагдах шаардлагатай байдаг. Харин хөрөнгө санхүү, хэлний бэрхшээлээс болоод хүн болгонд ийм боломж гардаггүй билээ. Иймд бид Монгол улсдаа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АМИ сертификаттай сургалтыг зохион байгуулах гэж байна. Манай улсад урилгаар ирж ажиллах гадаад багш нар маань ч үүнд их сэтгэл хөдөлж байгаа. АНУ, Англи, Япон, Вьетнам, Перу, Морокко гээд олон оронд ийм төрлийн сургалтын эрэлт хэрэгцээ өндөр байдаг тул сайн багш олох, тэдний ажлын хуваарьт тааруулахад хоёр гаруй жил зарцууллаа" гэв.

Бид хүүхдээ голдуу жаран чавганцын ажил хийдэг хэмээн өхөөрддөг. Мария Монтессори ажил хийж байгаа хүүхдийг ийнхүү тодорхойлжээ.

"Оюун ухаан, бие бялдраа дайчлан ямар нэгэн тодорхой зорилготой хийж буй ухамсарт үйлдлийг ажил" гэдэг. Тухайн ажил хүүхдийн хөгжилд тохирсон, тэднийг ажиллаж байх үед анхаарлыг нь сарниулахгүй нөхцөлд тэд хэн нэгний магтаал сайшаал, оролцоо шахалтгүйгээр ажиллаж, идэвхтэй, бүтээлч, сэтгэл хангалуун, өөдрөг, тайван болдог”.

Иймээс ч амьдралынхаа эхний саруудад идэвхтэй хөдөлгөөн хийсэн хүүхэд оюун ухаан- бие бялдрын дадал сууж, улмаар өөртөө итгэлтэй болдог байна. Өөртөө итгэх итгэлийн ачаар тэд амьдралд тулгарах ямар ч бэрхшээлийг давах чадвартай болдог аж.

Номны зохиолч, АНУ –ын Монтессори багш Сюзан Стивенсон 0-3 насны хүүхдийн тухай нэг өдрийн сургалтыг 2018 оны 3-р сарын 10-нд Корпорейт Улаанбаатар зочид буудалд явуулна. Сонирхсон хүн дэлгэрэнгүйг ami.mongolia@gmail.com авах юм байна.

X
Нэвтрэх