fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай, үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог. Мөн дархлааны үйл ажиллагааг дэмжих, зүрх судас, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Ялангуяа өсвөр насныхан, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их шаардлагатай кальцийн эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм.

НЭМҮТ-ээс 2012 онд хийсэн судалгаагаар өсвөр насныхны сүү цагаан идээний хэрэглээ 31.3 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн нормд хоол хүнсээр авах кальцийн хэмжээг 800-1300 мг гэж заасан. Энэ нь 2-3 аяга сүү, сүүнд агуулагдах хэмжээ юм.

Монгол хүн амын хоол тэжээлийн бодисуудын хэрэглээг судалсан судалгааны дүнгээр 8-14 насныхан хоногт шаардлагатай кальцийн 31 хувийг, 15-18 насны охид 32 хувийг, хөвгүүд 27.5 хувийг, 19-24 насны эмэгтэйчүүдэд 41.6 хувийг, эрэгтэйчүүд 33.5 хувийг авч байгаа нь зөвлөмж хэмжээнээс 2-3 дахин бага байгаа ба 8-14 насны хүүхдийн 28.5 хувьд сийвэн дэх кальци байх ёстой хэмжээнээс доогуур байна. Түүнчлэн 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 294-445 гр, эрэгтэйчүүд 161-622 гр хэрэглэж байна.

ЭМШУИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хийсэн судалгаагаар хүн амын шүд цоорох өвчний тархалт 71.6 хувь байгаа нь кальцийн дутал буюу сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нэг том алхам нь чихрийн хэрэглээг бууруулж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлж,уламжлалт дадлаа сэргээх шаардлагатай байна.

Дараах зөвлөмжийг санал болгож байна. Үүнд:

1. Эх орны хүнсний үйлдвэрүүд, малчид сүү, цагаан идээгээ аль болохоор сахаргүй үйлдвэрлэх. Хэрэв сахар нэмэлтээр хийсэн бол 100г-д агуулагдах сахарын хэмжээг бүтээгдэхүүнийхээ шошгон дээр заавал тавьж хэвшсэнээр хэрэглэгчдэд сонголт хийх боломжийг бүрдүүлэх

2. Эрүүл мэндийн, боловсролын, хүнсний асуудал хариуцсан байгууллагууд сахартай, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд учруулах хор холбогдлын талаарх мэдээлэл, сурталчилгааг бүх түвшинд өргөн хүрээнд зохион байгуулах

3. Хэрэглэгчид өөрсдийн нас, бие махбодийнхоо онцлог, хэрэгцээ шаардлагад тохируулан өдөрт хэрэглэж байгаа сахарын хэрэглээгээ багасгах. Тухайлбал цай, кофе, тараг, хоормог, сүү, хүүхдийн будааны агшаамал, талх гэх мэт хүнсэндээ сахар нэмэлтээр хийж хэрэглэдэг бол энэ буруу дадлаа аажмаар засах

4. Эцэг, эхчүүд хүүхдэдээ аль болох сахар багатай, сахаргүй хүнс, хоол өгч сурах, оронд нь сахаргүй сүү, цагаан идээ өгч хэвших, баяр ёслолоор хүүхдэд чихэр ихтэй хүнс оролцуулсан бэлэг өгдөг буруу дадлаа өөрчлөх.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

X
Нэвтрэх