Хүүхдийн хооллолт

image

Хамгийн үнэ цэнэтэй уураг бүхий хүнсний бүтээгдэхүүн бол мах юм. Маханд бүх орлуулшгүй амин хүчлүүд агуулагддаг ба хүүхдийн өсч буй бие махбодод тохиромжтой хэмжээ, харьцаатай байдаг. 100 грамм гахайн маханд 12 грамм, үхрийн маханд 16-21 грамм уураг байдаг. Махны мөгөөрс, шөрмөс, хальс нь муу шингэдэг тул хүүхдэд махаар хоол хийж өгөхдөө эдгээрээс цэвэрлэсэн байх шаардлагатай.

Мах хатуу, ханасан тосыг агуулдаг тул удаан боловсорч шингэдэг. Хүүхдийн хоолонд 4-9 хувийн тостой мах хамгийн тохиромжтой. 2 хувиас доош тостой мах хэт туранхай, хатуу, шөрмөс, хальс, мөгөөрс ихтэй тэжээллэг болон биологийн чанар муутай, удаан буцалгах шаардлагатай байдаг тул тэжээлийн бодис нь алдагддаг. 100 грамм маханд 1 грамм эрдэс бодис агуулагддаг. 1 грамм (1000 грамм) эрдэс бодист кали, фосфор, магни, сайн шингэдэг (элэгт төмөр их байдаг) төмөр, бусад эрдэс агуулагдана.

Маханд В бүлгийн аминдэм их хэмжээтэй байдаг, ялангуяа тугал, гахай, бугын маханд их байдаг. Мөн дотор эрхтэн ялангуяа элэгт А, Д, В аминдэмүүд, кальци, зэс болон бусад эрдэс бодисууд их байдаг. Мах болон дотор эрхтэнд агуулагддаг аминдэм, эрдсүүд нь шингэцийн хувьд ногоо, жимсэнд агуулагддаг аминдэм, эрдсүүдээс илүү юм. Мах ногоотой хоолны төмрийн шингэц илүү байдаг.

Маханд тэжээлийн бодисуудаас гадна хандмал бодисууд байдаг. Махны шөл хандмал бодис ихтэй. Шөлний амт энэ хандмал бодисоос шалтгаалдаг. Энэ нь хоолны дуршлыг нэмэгдүүлснээр хоол боловсруулалтыг сайжруулдаг боловч хүүхдэд харшил үүсгэдэг тул 1 хүртэлх насны хүүхдэд махны шөл өгөхгүй.

Хүүхдэд 7 сартайгаас махан хоол өгч эхлэх ба 1 хүртэлх насны хүүхдэд өөхгүй үхэр, хонь, тахиа, гахайн мах, үхрийн элгээр хоол хийж өгнө. 1-с дээш насны хүүхдэд өөх багатай үхэр, хонь, тугал, тахиа, гахайн мах, элэг, зүрхээр хоол хийж өгнө.

1-с дээш насны хүүхдэд бага өөх тостой, чанасан үхрийн хиам, зайдас өгч болно. Утсан, хагас утсан хиам нь хатуу, тос нь (40% хүртэл) өндөр учир муу боловсорч, муу шингэдэг тул хүүхдэд өгөхгүй. Хүүхдэд гарал үүсэл, эрүүл ахуйн чанарын шаардлага нь мэдэгдэхгүй зэрлэг малын мах өгөхгүй. Шарсан махыг 3 хүртэлх насны хүүхдэд өгөхгүй. 3 хүртэлх насны хүүхдэд зөвхөн нас заасан хүүхдийн зориулалттай махны консерв, хиам өгнө. Энэ нь залуу малын махыг зохих технологиор, тэжээлийн бодисыг бага алдагдахаар хийсэн байдаг. Харин хүнсний бүтээгдэхүүний шошгоос хэдэн настай хүүхдэд зориулагдсан болохыг харах хэрэгтэй.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх