Мэдээ, мэдээлэл

image

Нээлтээ хийгээд хэдхэн хонож буй “ДүДү” хүүхдийн музейд өнгөрсөн амралтын өдрөөр хүүхдээ дагуулаад очлоо. Emart /Сансарын тунелиэс уруудаад/ худалдааны төвийн таван давхарт байрладаг энэ газрын талаар сонсоод эхэндээ энгийн нэгэн шинэ тоглоомын төв гэж төсөөлж байв.

Яагаад хүүхдийн музей гэж нэрлэсэн юм бол хэмээн дотроо бодон ортол төсөөлснөөс маань огт өөр, сонирхолтой орчин угтсан юм.

Музейн үзмэрүүд шилэн хоргонд байдаг, хүрч болохгүй гэсэн ойлголттой байдаг бол манай хүүхдийн музейд гар хүр, оролдож үз, тогло гэсэн зарчим үйлчилдэг.

Зохион байгуулагч Д.Буянжаргал: 

“Музейн үзмэрүүд шилэн хоргонд байдаг, хүрч болохгүй гэсэн ойлголттой байдаг бол манай хүүхдийн музейд гар хүр, оролдож үз, тогло гэсэн зарчим үйлчилдэг. Энд тоглонгоо хүүхдүүд шинэ зүйлд суралцдаг. Бид 700 гаруй метр кв. талбайд үйл ажиллагаагаа явуулдаг. Монголд хүүхдийн музей байдаггүй учраас хүмүүс хараад тоглоомын төв гэж ойлгодог” гэсэн юм.

Юм бүхнийг сонирхон шинжиж, оролдох дуртай хүүхдийн онцлогт яг тохирсон. Хүүхэд энд өөрсдийн гараар туршилт хийж үзсэнээр шинийг танин мэдэхээс гадна тэдэнд гайхамшиг бүтээж буй мэт сэтгэгдэл төрөх ажээ.

Сансар огторгуйн хэсэг

Сансар судлал, агаарын даралт, харилцаа холбоо, үндэсний тоглоом наадгайтай монгол гэр, банк, үлэг гүрвэлийн ертөнц, эмнэлэг, зургийн байшин, барилга барьдаг хэсэг, үсэрдэг тоглоом, зөгийн үүр буюу айдсаа даван туулах тоглоом, усны ертөнц гэхчлэн музей нийт 22 төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тухайн мэргэжлийн онцлогийг илүү сайн мэдрүүлэх үүднээс хүүхдүүд дүрэмт хувцас өмсөөд яг л эмч, гал сөнөөгч, барилгачин, сансрын нисгэгч болчихсон мэт өөрийгөө төсөөлж, дүрд хувираад тоглох боломжтой. Ингэснээр тэд тухайн мэргэжилтэн ямар ажил хийдгийг тоглоомоороо дамжуулан мэдэж авдаг байна.

Эмнэлэг

Мөн таны хүүхэд урлагт илүү сонирхолтой бол энд дуу хөгжим, театр урлагийн хэсэг бий. Таны хүүхэд эмч болоход эв дүйтэй байна уу, хөгжимд их мэдрэмжтэй байна уу гэдгийг хүүхдээ тоглож байх зуур  ажиглаж харах боломжтой.

Театр

Танин мэдэхүй, шинжлэх ухааны ямар нэгэн ойлголт өгнө гэдэг музейн гол зорилго аж.

Агаарын хоолойд даавуу хийхэд ямар зам туулан гарч ирэхийг, бас агаарт хэрхэн бөмбөлөг тогтоож болохыг, бээлий хийлж, хэлбэрт оруулах гэх мэт хүүхдүүд төдийгүй томчуул бидний сонирхлыг ихээхэн татах төхөөрөмжүүд энд бий.

Агаарт бөмбөг хөөрч байгаа нь

Яагаад ч юм хүүхдүүд цаасан дээрээс илүү хананд зурах дуртай. Яг л энэ хүслийг нь биелүүлэх зургийн байшинд орсноор хана шал гээд дуртай газраа ханатлаа зураг зурж, будгаа асгаж, дуртай үгээ бичиж болно.

Харин шал нь далий хэлтгий байшинд орвол орон зайн бас нэгэн сонин мэдрэмж авах болов уу. Палеонтологийн хэсэгт хүүхдүүд өөрсдийн гараар малтлага хийж, үлэг гүрвэлийн яс, өндөг зэрэг олдворууд олж, тэдгээрийнхээ тухай шинэ зүйл мэдэж авч болно.

Хэлтгий байшин

Сансар огторгуйн хэсэгт од гаригтай танилцаж, дэлхийг сар тойрдог уу, сар дэлхийг тойрдог уу гэх мэт астрономын анхан шатны мэдлэгийг хүүхдэдээ ярьж өгөх юм. Мөн бяцхан пуужин хөөргөж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн түүхийг зурагтаар үзэж болно.

“ДүДү” музейн нэг чухал хэсэг бол хүүхэд эцэг эхтэйгээ хамт бүтээл туурвих. Ингэснээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцаж, тухайн зүйлээ хийхдээ бүтээлчээр сэтгэж, баяжуулах боломжтой. Хамт тоглож, бүтээл хийснээр та хүүхдээ юу хийж чаддаг, юунд илүү сонирхолтой болохыг бодитойгоор харах болно.

Энд хамгийн чухал мөрдөгдөж байгаа нь STEM боловсрол юм.

Хүүхдүүд механик инженерийн хэсэгт араа яаж ажилладгийг тоглоомоороо дамжуулаад бүрэн ойлгох боломжтой. Гар хүр, оролдож тогло, эцэг эхтэйгээ хамтдаа бүтээ,тоглоомоор дамжуулаад STEM / Science, Technology, Engineering, Mathematics буюу Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математик /-ийн боловсрол эзэмших боломжтой.

Дугуй жийхэд энэ төхөөрөмжинд гэрэл асаж, дугуйг хэн хэрхэн зохион бүтээсэн түүхтэй танилцах боломжтой
Урлан, тоглоомын дэлгүүр

“Гадаадад хүүхдийн музейг хичээлээс гадуурх боловсрол олгох чухал орчин гэж ойлгодог. Монгол хүүхдүүдийн хувьд хичээлээс гадуур тоглонгоо суралцах орчин хомс байдаг. Энд тэр нөхцөл бололцоо бүрэн байгаа” хэмээн зохион байгуулагч Д.Буянжаргал хэлсэн юм.

Багш нар хүртэл заасан хичээлээ бататгаж, хүүхдүүдэд илүү ойлгомжтой болгохын тулд ангийнхантайгаа ирж практик дээр хамтдаа суралцаж болохоор.

Энд бүх үзмэрийг нэгд нэгэнгүй үзэж дуусгахад 3-4 цаг зарцуулах аж. Цагийн хязгааргүй тул өглөө ирсэн хүүхдүүд оройн 20 цаг болтол уйдахгүй тоглодог гэнэ. Анх ирсэн жаахнууд цэцэрлэг гэж андуураад “орохгүй” гэж уйлдаг бол харин орсон хойноо “гарахгүй” гэж уйлагнах нь энүүхэнд. Энэ нь тэдэнд ихээхэн таалагдсаных биз ээ.

Багш нар хүртэл заасан хичээлээ бататгаж, хүүхдүүдэд илүү ойлгомжтой болгохын тулд ангийнхантайгаа ирж практик дээр хамтдаа суралцаж болохоор. Практик гэхээр энэ нь зөвхөн сургуулийн сурагчдад зориулагдсан юм байна гэж та ойлгож магадгүй.

Энд 0-17 насны ямар ч хүүхэд ирээд чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй бас үр өгөөжтэй өнгөрүүлж болох юм билээ. Харин долоо хүртэлх насны хүүхдүүд эцэг эх, насанд хүрсэн харгалзах хүнтэй орох ёстой юм.

Эднийх цэцэрлэгийн болон сургуулийн хамт олонд зориулсан хөтөлбөрүүд мөн гаргажээ. Анги хамт олноороо ирээд хичээлээр үзсэн зүйлээ энэ орчинд баталгаажуулах давхар тоглох хэрэгцээгээ хангах боломжтой.

Музейн орчин нийтдээ 100-150 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай юм байна.

Д.Буянжаргал:

“Бид хамгийн гол нь хүүхдүүдэд таалагдах, эцэг эхчүүдэд таалагдах, эндээс эцэг эх хүүхдүүд тодорхой зүйлийг суралцах, сайхан мэдрэмж  аваад сэтгэл хангалуун буцах бидний зорилго. Хүүхдүүд яг л тийм байгаа. Энд орж ирээд үнэхээр гайхширч байна.

Аристотелийн хэлсэн “Шинжлэх ухаан гайхшралаас эхэлнэ” гэж үг бий. Жишээ нь агаарт бөмбөлөг хөөргөнө. Ид шид, илбэ юм шиг л  хүүхдүүдэд санагдаж байна.  Гэтэл энэ нь шинжлэх ухааны жижиг элемент байх жишээтэй. Бид цаг хугацаа явахын хэрээр музейн үзмэр, тоглоомуудаа STEM  рүү дөхүүлж, улам илүү сайжруулна” гэлээ.

Үлэг гүрвэлийн ертөнц

Анги, хамт олноороо ажлын өдрүүдэд хамрагдаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн тасалбараас 5000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Мөн энд нэг, гурав зургаа, 12 сарын хугацаатай гишүүнчлэлийн паспорт нээлгэх боломжтой юм билээ. Хэрвээ та зургаан сарын хугацаатай паспорт нээлгэсэн бол зургаан сарын хугацаанд хэдэн ч удаа ирээд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй юм билээ.  Өдөр болгон ч ирэх боломжтой гэсэн үг.

Мөн гишүүн хүүхдүүдэд тусгайлсан хөтөлбөрүүд, төрсөн өдрөө зохион байгуулах эсвэл музейгээс хэрэгжүүлж байгаа тусгай хөтөлбөрт хамрагдах боломжтой аж.

Энэхүү төслийг гүйцэтгэсэн менежер Д.Хос-Эрдэнэ “ДүДү” хүүхдийн музейгээр дамжуулах дараах дөрвөн асуудлыг шийдэж байгаа талаар ярьсан юм.

1.ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ АРГА ЗАМ

Ээж аавууд хүүхдээ хичээлээс гадуур сургалт дугуйланд явуулдаг. Нэг бол шатар, эсвэл төгөлдөр хуурын дугуйланд л явах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл олон төрлийн дугуйланд нэгэн зэрэг хамрагдаж чаддаггүй. Гэтэл алинд нь илүү авьяастай вэ гэдгээ хүүхэд ч, эцэг эх нь ч мэдэх боломжгүй байдаг. Харин энд ирснээр төрөл бүрийн ажил мэргэжил, шинжлэх ухааны чиглэлийн анхан шатны мэдлэг авч, аав ээж нь хүүхдийнхээ сонирхлыг танин мэдэх боломжтой. Тэр талаасаа энэ нь шинэ төрлийн бүтээгдэхүүн юм

Усны ертөнц

2. ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМТДАА ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ БОЛОМЖ

Тоглоомын газруудад ээж аав нь хүүхдээ хүлээгээд суудаг бол энд хамтдаа дурсамж бүтээж байна

3. БАГШ НАР ХИЧЭЭЛ ДЭЭР ЗААСАН ЗҮЙЛЭЭ ХҮҮХДҮҮДЭД ПРАКТИК ДЭЭР БАТАЛГААЖУУЛАХ БОЛОМЖ

Судалгааны дүгнэлтээр Монголд сургалтын чанар муу байгаа шалтгаан нь лабораторийн орчин, сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдагтай холбоотой аж. Тиймээс энэ музейд насны онцлогт тохирсон хөтөлбөрүүд гаргажээ. Багш нар манайд хандаад хичээл дээр заасан зүйлээ практик дээр бататгах боломжтой.

4. КОМПАНИУД ҮНЭ ЦЭНЭЭ ТАНИУЛЖ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ГҮҮР НЬ БОЛЖ БАЙНА

Бяцхан "Голомт банк"

Энд бяцхан “Голомт” банк байгааг та анзаарсан байх. Тус банк иргэдийн санхүүгийн боловсролыг  дээшлүүлэх уриатай. Тэр утгаараа тус банк хүүхдүүдэд тоглоомын аргаар мөнгө санхүүгийн талаар зөв ойлголт өгөх үүрэгтэйгээр хамтран ажиллаж байна.

Тус музейтэй Улаан загалмай нийгэмлэг, Color Design House зэрэг байгууллагууд мөн хамтран ажиллаж байна. Ингэснээр аливаа байгууллага ирээдүй болсон хүүхэд багачууд руугаа чиглэсэн ажлууд хийх  хэрэгцээ шаардлагатай байдаг. Тэр хэрэгцээг хангаж, “ДүДү” хүүхдийн музей компаниудад үнэ цэнээ таниулах нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хүүхдэд зориулсан зөв бүтээгдэхүүн үйлчилгээ, санааг холбож өгдөг гүүр нь байх зорилготой юм байна. Иймд Бизнесийн байгууллагууд хамтарч ажиллах боломжтой ажээ.

ХАРИН МИНИЙ ЗҮГЭЭС НЭМЖ ЗӨВЛӨХӨД:

Дотогшоо идэх юм оруулдаггүй тул хүүхдээ дагуулж ирэхээс өмнө хангалттай сайн хооллоорой. Мөн хэн хэн нь биед эвтэйхэн, нимгэн хувцаслаад,  уух зүйлтэйгээ ирээрэй. Учир нь нэгэнт ийшээ орсон бол хүүхэд тань нэг хэсэгтээ гарахгүй л гэх болов уу.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Фэйсбүүк хуудас: DuDu Children's Museum/ДүДү Хүүхдийн Музей

Утас: 75109966

Цагийн хуваарь: 10:00-21:00 цагт

Сэтгүүлч: А.Наранцацрал

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

X
Нэвтрэх