fbpx

Хүмүүжил

image

Харилцааны чадварын бууралт, ярих чадварын алдагдалтай, ялангуяа оюуны хөгжлийн хүндэвтэр, хүнд болоод хавсарсан бэрхшээлтэй даунтай хүүхдийн хувьд үгээр болон үгэн бусаар харилцах харилцааны чадвар хангалттай бус, харилцах арга учраа олохгүй байх нь элбэг тохиолддог. Зарим тохиолдолд бидний яриа, зааврыг хангалттай хэмжээнд ойлгож чаддаггүй учраас юу хийх, яах ёстойгоо мэддэггүй зэрэг нь тэдний хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа бас нэгэн чухал хүчин зүйлүүдийн нэг юм.

Хүүхэд үг болон амьдралын хооронд уялдаа холбоо байдгийг ойлгож мэдэхийн тулд түүний эргэн тойронд юу болж байгааг ойлгож мэдэх нь чухал. Хүүхдийн хувьд түүнд мэдээллийг боловсруулах нь хэцүү байдгаас болж тухайн нөхцөл байдлыг өөрөөр ойлгож, хүлээн авдаг. Эсвэл нөхцөл байдлыг ойлгосон ч уг нөхцөл байдалтай хамт гарч ирж байгаа үгсийн утгыг ойлгохгүй байх нь олонтоо тохиолддог.

Өөрөөр хэлбэл тодорхой нэг үгийг тодорхой нэг нөхцөлд ойлгодог ч өөр нөхцөлд тэр үгээ ойлгож чадахгүй, зөвхөн тодорхой нэг үгтэй нэг л утгыг хамааруулж ойлгох нь ажиглагддаг.

Иймээс хүүхдэд тухайн нөхцөл байдлын талаар хамгийн чухал мэдээллийг өгөхдөө гол санааг нь ойлгомжтой хэлбэрээр богино болоод цөөн үг, цөөн үгтэй өгүүлбэрийг хэрэглэх нь зүйтэй.

Хэрвээ хүүхэд хүний яриаг дөнгөж ойлгох шатан дээр байгаа бол эхний үед сонирхсон эд зүйл, үйлдэлд нь тайлбар өгөхдөө зөвхөн нэг л үгийг хэрэглэх, ингэхдээ тухайн зүйлийг хэлэх, нэрлэхдээ хүүхдийг анхааран сонирхож байгаа яг л тэр мөчид хэлэх нь чухал. Хүүхдийн анхаарал өөр зүг рүү шилжсэн үед уг үг яриа нь утгаа алдана гэсэн үг. Хүүхэд биднийг ойлгоход нь туслахдаа хүүхдийн харилцааны онцлог, хувийн чадвар зэргээс хамааран түүний ойлгох түвшинд тааруулан бүх зааврыг тодорхой энгийн, богино, цөөн үг ашиглан ярих хэрэгтэй.

Мөн тухайн зааврыг өгч байхад нүдэнд нь харагдах түвшинд биеийн хөдөлгөөн, дохио зангаа, нүүрний хувирал, дуу хоолойн өнгөний өөрчлөлт дагалдвал хүүхдэд илүү ойлгомжтой болно.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх