Эрүүл мэнд

image

2-5 насны хүүхдийн хоол боловсруулах чадвар, хоол боловсруулах шүүсний идэвх хэдийгээр 2 хүртэлх насны хүүхдийнхээс сайжрах боловч бүрэн гүйцэд хөгжиж дуусаагүй, ходоодны багтаамж багатай байдаг.

Хоол амны хөндийд орж зажлагдсанаар шүлсний тусламжаар боловсорч эхэлдэг. Шүлс нь хоол зажилж идэхэд сайтар ялгарч, улмаар амны хөндийн хоол боловсруулалт сайжирна. 2-5 насны хүүхдийн сүүн шүд ургаж гүйцээд хоолыг зажилж идэж эхэлдэг ч зөв сайн зажилж идэж чаддаггүй, сураагүйгээс болоод шүлсээ муу ялгаруулснаас амны хөндийд хоол муу боловсордог. Амны хөндийд муу боловсорсон хоол ходоодонд ороод муу боловсорход хүрнэ. Хүн хэлний оролцоотогоор хоолыг зажилдаг. 2-5 насны хүүхдийн хэл, эрүүний булчин гүйцэд хөгжөөгүй байдаг нь хоолыг муу зажлахад нөлөөлдөг.

Амны хөндийн амтлах мэдрэмж 2-5 насанд бүрэлддэг. Ходоод гэдэсний хоол боловсруулалтанд нөлөөлдөг амтлах мэдрэмжийг сайжруулахад 2-5 насны хүүхдийн хоолны амт чухал үүрэгтэй.

Хоол нь ходоодонд ходоодны шүүсний нөлөөгөөр, 12 нугалаа гэдсэнд нойр булчирхайн шүүс, цөс, гэдэсний шүүсний нөлөөгөөр боловсроно. Хоолны эцсийн задрал, тэжээлийн бодисын шимэгдэл нарийн гэдсэнд явагдана. Бүдүүн гэдсэнд ус, цөөн тооны тэжээлийн бодис шимэгддэг. Хоол боловсроход гэдсэнд байдаг өвчин үүсгэдэггүй нянгууд оролцдог.

Хооллох нь өлсөлт, хоолны дуршил хоёроор зохицуулагддаг. Өлсөх нь тэжээлийн бодис биед дутахад үүсдэг төрөлхийн мэдрэмж бөгөөд үүнийг таагүй сэтгэл хөдлөл дагалдаж байдаг. Хоолны дуршил нь төрөлхийн биш. Энэ нь амттай хоол идэх үед үүсдэг эерэг сэтгэл хөдлөл юм. Хоолны дуршлыг сайжруулах нь 2-5 насны хүүхдийн хооллолтод анхаарах бас нэг чухал асуудал болдог.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он

X
Нэвтрэх