Боловсрол

image

ХҮҮХДЭД ҮЛГЭР УНШИЖ ӨГӨХ НЬ ЧУХАЛ УУ

Үлгэр сонсож өссөн хүүхэд өөртөө итгэлтэй, ухаалаг, бүтээлч сэтгэлгээтэй нэгэн болж өсдөг. Учир нь тэд үлгэр сонссоноор сайн мууг ялгах чадвартай болж, төсөөллийн сэтгэхүй нь сайжирдаг. Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа ч хэвлий дэх үрдээ үлгэр уншиж өгч байхыг эмч нар зөвлөдөг. Нэг үгээр хүүхдийг үлгэрээр хүмүүжүүлж болдог аж. Мөн тэдний хэл ярианы хөгжил, үгсийн сан сайжирна. Тиймээс үлгэр нь бодит ертөнцийг бүрэн таних хүртэл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нэн чухал үүрэгтэй юм.

ЯМАР ТӨРЛИЙН ҮЛГЭР ХҮҮХДЭД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ ВЭ

?

Үлгэр болгоны цаана ямар нэгэн далд утга, санаа агуулагдаж байдаг. Хэн нэгэнд тус болохыг сануулсан үлгэр хүүхдэд мэдээж эерэг нөлөөтэй. Учир нь хүүхэд үлгэрээс урам авч, түүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Жишээ нь, царцаа шоргоолж хоёрын үлгэрийг санацгаая. Шоргоолж өөрийн найзаа аврахын тулд маш хол замыг туулдаг. Энэхүү үлгэр хүүхдэд бартаа саадыг үл ажран хэн нэгэнд туслахыг сануулсан байдаг. Мөн хүүхэд үлгэр сонсохдоо дотроо төсөөлөн бодож сэтгэдэг учир хэтэрхий их зурагтай, бага тексттэй үлгэрийн ном хүүхдийн төсөөлөх чадварыг бууруулдаг. Тиймээс аль болох их зурагтай үлгэрийн номоос зайлсхийх хэрэгтэй. Харин 1-2 насны хүүхдэд ямар ч тайлбаргүй зөвхөн зурагтай ном авч өгч, зурагт нь тохируулж үлгэр зохиож өгч болно.

БОДИТ БАЙДЛААС ХЭТ ХОЛ ҮЛГЭР БАГА УНШИЖ ӨГ

Охидод цагаан морьтой ханхүүгийн талаар, хөвгүүдэд луутай тулалдаж буй эрийн талаар байнга ярьж өгөх нь буруу. Ялангуяа диснейн элдэв гүнжийн үлгэрүүд охидын сэтгэхүйд нөлөөлөх нь элбэг. Учир нь үлгэр дээр гардаг гүнж бүр хөөрхөн, туранхай, гоё сайхан байдаг бөгөөд охид өөрсдийгөө ч мөн тийм байх ёстой мэт хичээдэг. Энэ нь нэг талаараа буруу биш мэт боловч бодит байдлаас хэт хол зөрсөн үлгэр хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдэдээ үлгэр нь бодит байдлаас ондоо гэдгийг бага багаар ойлгуулах хэрэгтэй.

ХҮҮХЭД ТАНЬ ХАР ДАРЖ ЗҮҮДЛЭХ ВИЙ

Хүүхдүүд унтахаасаа өмнө үлгэр уншуулах дуртай байдаг. Тэд таны уншиж буй үлгэрийг толгойдоо төсөөлөн тухтай гэгч нь сонссоор гүн нойрондоо автдаг. Тиймээс аймшгийн, тулаантай үйл явдалтай үлгэрийг унтахаас нь өмнө уншиж өгч болохгүй. Учир нь унтахаасаа өмнө элдэв аймшгийн зүйл төсөөлж унтсан хүүхэд шөнө дунд хар дарах нь гарцаагүй. Хэрэв үлгэр дээр аймшгийн, тулаантай үйл явдал гарвал та түүнийг нь шууд л алгасаад эсвэл үйл явдлыг нь орлуулж, зөөлрүүлж зохион уншиж өгч болно. Таны хүүхэд үлгэртээ гүн автаж, гайхалтай төгсгөлийн дараа сэтгэл хангалуун үлдэж тайван нойрсох болно.

НОМОНД ДУРТАЙ ХҮН БОЛОХОД ҮЛГЭР ТУСАЛНА

Сургуульд орсон, том болсон хүүхдээ “ном уншихгүй байна” хэмээн эцэг эхчүүд зэмлэх нь бий. Гэвч томчууд өөрсдөөсөө ч мөн бурууг хайх хэрэгтэй. Нялх балчираасаа үлгэрийг гүн шимтэн сонсож өссөн хүүхэд томроод ч номонд дуртай байдаг. Тиймээс эцэг эхчүүд залхууралгүй хүүхдэдээ үлгэр уншиж өгч байх хэрэгтэй юм. Та үлгэрээ уншихдаа тод чанга, дууны өнгөө гол дүрийн баатрууд тус бүрт тохируулж өөрчилж уншиж өгвөл бүүр сайн.  2-3 настнууд таалагдсан нэг үлгэр, түүхээ давтан яриулах дуртай байдаг. Ийм үед нь ч та залхуурч, цааргалах хэрэггүй. Харин уншиж өгсөн үлгэрээ хүүхдээрээ эргээд яриулах нь хэл яриа, ой тогтоолтын хөгжилд нь сайнаар нөлөөлнө.

Сэтгүүлч: Б.Нямдарь

X
Нэвтрэх