Хүүхдийн хооллолт

image

Хүүхдийг хэзээ нэгэн цагт хөхнөөс гаргах тухай яриа үүснэ. Ээжийн эрүүл мэнд асуудалгүй, сүү элбэг, хүүхэд 2 нас хүрээгүй бол хөхөж л байх ёстой. Ховор тохиолдолд ээжийн эрүүл мэндийн улмаас хүүхдийг шууд хөхнөөс гаргах асуудал тулгардаг. Мөн ховор биш нэг шалтгаан нь бяцхан үр шууд эмээ, өвөөгийн асаргаанд өсөх шаардлага тулгардаг.

Харин 2 нас хүрчихсэн хүүхдийг ээж нь хэчнээн сүү элбэгтэй байсан ч хөхүүлэх нь нэг талаараа буруу юм. Учир нь энэ үед эхийн сүүнд хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөнд хэрэгтэй олон аминдэм, эрдэс бодис аль хэдийнэ багассан байдаг. Мөн хоол тэжээлийн замаар авах ёстой амин чухал бодис ч байдаггүй. Ийм үед бор хоол идүүлэхгүй хөхүүлсээр байх нь хүүхдийн бие махбодын болон оюун сэтгэхүйн хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлнө.

Ийм учир хөхнөөс гаргах тухай яриа зайлшгүй үүснэ.

Юуны өмнө хөхнөөс гаргах нь удаан хугацааны, тодорхой үе шатуудтай үйл явц. Анх 6 сартай бор хоолонд оруулж эхлэх үеэс л хөхнөөс гаргах үйл явц үүснэ гэсэн үг. Олон ээжүүд нэмэлт бор хоолоо идэхгүй байна яах вэ гэж асуудаг, энэ үеэс хөхөөр хооллохоо бага зэрэг багасгаж байж бор хоолыг нь идүүлнэ. Бүдүүн тоймоор хэлвэл өлсгөж байж бор хоолыг нь идүүлнэ. Энэ үеэс ээжийн сүү үүсэх явц ч бас бага зэргээр багасаж байх ёстой гэсэн үг.

Энэ үед мөн ээж хооллолтоо багасгаж эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавих боломж бүхий хугацаа. Мөн үеэс хөхний даруулгаа зүүж эхлэх нь сүү багасахад нэмэртэй. Ээж залуу байх тусмаа сүүгээ аажуухан багасгах замаар ширгээх нь дараагийн хүүхэд төрөх үед хөхний сүү хэвийн үүсэж хэвийн хэмжээтэй байх сайн талтай. Цаашид хүүхдийн сар нэмэгдэх тусам хөхөөр хооллохоо цөөрүүлэн багасгаж, бор хоолоо нэмэгдүүлэх ёстой, ялангуяа шөнө хөхүүлэхээс аль болохоор татгалзана.

Ямар ч тохиолдолд хамаа замбараагүй хөхүүлж байгаад нэг өдөр хөхөндөө гашуун эм түрхээд ч юмуу хөхнөөс гаргачихна гэсэн ойлголт байхгүй гэдгийг аав ээжүүд хатуу ойлгох ёстой! Аавууд бяцхан үрээ хөхнөөс гаргахад чухал оролцоотой! Ээжид болон бяцхан үрдээ маш их туслах ёстой. Аав ээж 2 бяцхан үртэйгээ ярилцах ёстой, том болж буй, хөхнөөсөө гарах болж байгаа, ээж нь ядраад байна, ээжийнх нь хөхний толгой өвдөөд байна гэх мэтээр ярилцах нь олон аав, ээжүүдэд үнэмшил муутай сонсогдож магадгүй ч маш олон эх сурвалжид энэ талаар зөвөлсөн байдаг.

Хүүхдийг хөхнөөс гаргаж болохгүй ямар нэгэн улирал, цаг хугацаа гэх мэт зүйл байхгүй, мөн гэнэт гаргах гэж хүүхдийг загнах, зодох, элдэв түрхлэг хэрэглэх зэрэг нь таны бяцхан үрд стресс үүсгэж, ирээдүйн оюун ухааны хөгжилд нь ихээхэн сөрөг нөлөөтэй болохыг эцэст нь зөвлөе. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх