1-3 нас хүртэл

image

БИЕИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ
2 нас хүрсэн ихэнх хүүхдүүд:

  • Төрснөөсөө хойш өндөр нь дунджаар 38 см нэмэгдсэн байна.
  • Жин нэмэх, өндөр болох явц нь эхний 1 жил шигээ хурдацтай бус удаанаар явагдана. Нэгээс хоёр насны хооронд хүүхдийн жин дунджаар 1.5 кг нэмэгдэж, өндөр нь дунджаар 7.5- 13 см нэмэгдэнэ. Хүүхдийн толгойн тойргийн хэмжээ дунджаар 2.5 см нэмэгддэг. 

СЭТГЭН БОДОХ (танин мэдэхүй)

  • “Одоо”, “дараа”, “удахгүй” гэсэн цаг хугацаа заасан энгийн үгнүүдийг ойлгож эхэлдэг. Харин холын ирээдүй болон “үүрд” гэсэн ойлголтуудыг хүлээж авахад 2 настай хүүхдүүдэд хэцүү байдаг.
  • Энгийн заавруудыг ойлгож биелүүлдэг. Жишээ нь “Номоо ширээн дээр тавь” гэх мэт. Гэсэн хэдий ч “Гараа угаагаад, наашаа хүрээд ир” зэрэг нэгээс илүү үйлдэлтэй зааврыг ойлгон, биелүүлж чаддаггүй.
  • Толгой сэгсрэх нь "үгүй" гэсэн үг харин дохих нь "тийм" гэсэн үг гэх мэт зарим дохио зангааг ойлгодог болсон байна.
  • Нэг дор биелүүлж боломгүй зүйлүүдийг хийхийг хүсдэг. Жишээ нь гадаа цастайд гэрийн шахайтайгаа гарна гэж зөрүүдэлнэ.
  • Хүмүүсийн үйлдлийг даган дуурайна.
  • Эд зүйлсийг өнгө, хэлбэр зэргээр нь ялгаж сурна.

СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН НИЙГМИЙН ХӨГЖИЛ

  • Өөрсдийгөө бие хүн, бусдаас өөр гэдгээ ухамсарлаж эхэлнэ. Өсөж том болохын хэрээр олон зүйл хийж сурч, биеэ дааж байгаадаа хүүхэд нэг талаараа баярлах ч нөгөө талаараа үүний эсрэг “тэмцдэг”.  Эрхлүүлж, тэвэрье гэхээр зугтаад гүйгээд явчихдаг атлаа удалгүй л өөрийг нь тэврээч гээд л гүйгээд ирнэ. Тэд “үгүй” гэдэг үгийн учрыг сайн ойлгосон байдаг ба тухайн үгийг хэрэглэх нь элбэг. Заримдаа эцэг эхчүүд хэлсэн үгээ өөрөөр илэрхийлж, тайвнаар хэлэх нь хүүхэд зөрүүдэлж байхад илүү тустай байдгийг санаарай.
  • Хүүхэд хүссэн зүйлээ байнга авч чадахгүйгээ эсвэл хүссэн зүйлээ авахын тулд хүлээх ёстой гэдгийг ойлгож эхэлдэг. Ямар үр дүн гарах нь хэрхэн биеэ авч явахаас шалтгаалдаг болохыг ойлгож эхэлнэ. Тэд ихэнхдээ тогтворгүй байдаг.
  • Бусдыг ажиглаж, дуурайх дуртай
  • Бусад хүүхдүүдтэй цагаа өнгөрүүлэх дуртай. Хамтдаа тоглох биш хажууд нь тоглохыг илүүд үздэг. Хуваалцах, хамт тоглох зэрэг чадвар нь арай хөгжөөгүй байдаг.
  • Хүйсийн ялгааг ойлгож эхэлнэ.

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ

  • Үгийн сандаа багадаа 50 үгтэй.
  • “Сүү уухгүй” гэх мэтээр хоёр үгийг хооронд нь холбож эхэлнэ.
  • Биеийн хэсгүүдээ нэрлэж чадна.
  • Томчуудын хэлсэн үгийг дуурайж хэлнэ.

МЭДРЭЛ БОЛОН ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ

  • Сайн харж, сонсож чадна.
  • 2 ой хүрсэн хүүхэд шатаар дээш гарч, доош бууж, бөмбөг өшиглөж, гүйж чаддаг болно. Ихэнх хүүхдүүд өлмий дээрээ зогсож чаддаг. Хүнд, овортой тоглоомнуудаа өргөж явна, мөн татдаг, чирдэг тоглоомнуудад дуртай болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх