fbpx

Боловсрол

image

-Хүүхэдтэйгээ хамт "ном үзэх" 9 шалтгааны 3-р хэсэг-

Хүүхдийн сонирхлыг өөрийн эрхгүй татаж зугаацуулдгаараа ном тоглоомтой төстэй гэж болно. Гэхдээ маш анхааралтай сонсож, харж ажиглаж, сэтгэхийг шаарддаг учир хүүхдийн анхаарал төвлөрөлт аяндаа сайжрах хамгийн тохиромжтой нөхцөл бүрддэг. Тэвчээргүй, хөдөлгөөн ихтэй хүүхдэд ч аяндаа анхаарлаа сайтар төвлөрүүлж сурах сайхан боломж болно. Ялангуяа номын үйл явдлаас ургуулан зураг зурах, баримлаар зохиомж, дүрс урлан хийх зэрэг нь хүүхдэд гайхалтай дасгал болж өгнө.

ОЙ ТОГТООЛТЫН ДАСГАЛ БОЛДОГ

Хүүхэд өөрийнхөө дуртай номыг олон дахин уншуулсаар үйл явдлыг нь цээжилж тогтоосон байдаг. Ингэж нэг номыг дахин дахин үзэж, уншуулж хэрэглэдэг нь томчуудын номын хэрэглээнээс ялгагдах онцлог юм. Хүүхэд сонсож байгаа зүйлээ зурагт дүрслэгдсэн байдлаар бататган авч, тархиндаа маш бат бөх хадгалан харааны болон сонсголын ой тогтоолтод давхар суралцаж байдаг. Тиймээс хүүхэд нэг л сэдвийг дахин дахин уншуулахыг хүсч байвал битгий төвөгшөөгөөрэй. Хүүхэд нэг номыг 3-6 сарын турш дахин дахин үзэх нь ердийн хугацаа юм.

СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛДЭГ

Номын үйл явдлыг хүүхэд ой тойндоо зураглан төсөөлөхөөс гадна ургуулан баяжуулж, урнаар дүрслэн сэтгэдэг бөгөөд энэ байдлыг нь томчууд хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Хүүхэд байхаасаа "фантазлах" дуртай, хийсвэр ертөнцөд умбадаг байсан нь хожмоо ажил эрхлэхэд нь төсөөлөх, төлөвлөх чадварынх нь эх булаг, хөдөлгөгч хүч нь болж байдаг гэх хүмүүс олон бий. Мөн сэтгэхүйн үйлдлүүд болох нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, мэдээллээс чухал хэсгийг нь олох чадвар, логик сэтгэлгээ зэрэг нь ном их уншдаг хүмүүст илүү хөгжсөн байдгийг судлаачид тогтоожээ.

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛДЭГ

Хүүхэдтэйгээ ном унших явцдаа асуусан асуултыг нь үргэлж дэмжин, бүрэн гүйцэд хариулт өгөх, өөрөөр нь бодуулах, тухайн үйл явдал ямар байдлаар үргэлжлүүлэхийг төсөөлүүлэх, унших явцдаа болон дуусаад ярилцах, санаа сэтгэгдлээ хуваалцах, хүүхдэд зориулсан нэвтэрхий толиос тухайн сэдвийг лавшруулан уншиж өгөх эсвэл зураг зурах, бүтээл хийх гэх мэтээр идэвхийг нь улам бадрааж, өдөөж өгвөл ирээдүйд бүтээлч санаачлага, сэтгэлгээтэй хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.

Эх сурвалж: Хамтдаа уншъя, НҮБ-ын Хүүхдийн сан

X
Нэвтрэх