1-3 нас хүртэл

image

Хүүхдийн хөгжилд олон шинэ "эргэлт, дэвшил" гарах нас бол 1-3 нас юм. Хүүхдүүд нийтлэгээр 1-2 насандаа хэлд бас хөлд ордог. Гэхдээ хүүхэд бүрийн хөгжлийн үйл явц ялгаатай байдаг тул бүх хүүхэд энэ насандаа заавал хэлд, хөлд орно гэж ойлгож бас ээж, аавууд хэтэрхий их хүлээж болохгүй ээ. Магадгүй таны хүүхэд энэ насандаа, эсвэл өмнө нь, бүр эсвэл дараа нь хэлд, хөлд орж болно. Үүнийг байх ёстой зүйл хэмээн ойлгож, хүлээж авах нь ээж, аав танд нэн чухал шүү.

Хүү, охин тань хэлд бас хөлд орохын хэрээр хүрээлэн буй орчноо, гэр бүлийнхнийгээ илүүтэй сонирхож, танин мэднэ. Хүү, охины тань хувьд бүхий л зүйл шинэ, тэд болж л өгвөл барьж үзмээр, базаж хазмаар, оролдож туршмаар, хармаар, амталмаар, тэмтэрмээр байдаг гэдгийг битгий мартаарай. Энэ насны хүүхэд нэг үйлдлийг олон давтан хийдэг, энэ нь тэдний хувьд танин мэдэх туршилт юм шүү.

Та 1-3 насны хүү, охинтойгоо ярилцаж, хамтдаа ном үзэж, гадуур зугаалж, гэртээ гадаа хамтдаа тоглох нь тэдний хөгжлийг дэмжихээс гадна энэ бүхэн таны хүүхдэд баяр баясгаланг өгөх болно.

1-3 настай хүү, охин тань өөрийн дотны хүмүүсийг хамгаас чухалд тооцдог болно. Гадны буюу танихгүй хүмүүстэй харилцах дургүй байна. Энэ насны хүүхдийн нэг онцлог бол айдас юм. Таны хүү, охин танихгүй хүнээс, мэдэхгүй зүйлээс, магадгүй санаанд оромгүй эд зүйлсээс, өөрийнхөө тоглоомоос ч айж тавгүйрхэнэ. Та хүү, охиндоо эргэн тойронд аюултай, айх зүйл байхгүй гэдгийг сайтар хэлж, ойлгуулах нь хамгийн чухал шүү. Өөрөөр хэлбэл хүүхдээ ойлгож тэднийг тайвшруулахыг хичээх хэрэгтэй.

Мөн хүүхэд 3 насны үедээ ичих мэдрэмжийг илүү тод илэрхийлэх болно. Гадны, танихгүй хүнээс ичнэ, гэрэвшинэ. Энэ байдлыг ээж, аав та сайтар мэдэрч бас ойлгох ёстой. Энэ айж тавгүйрхэх, ичиж гэрэвших нь ямар нэгэн буруу зан үйл биш хөгжлийн жам хэмээн хүлээн авч, тэвчээртэй байж хүү, охиноо дэмжээрэй.

X
Нэвтрэх