3-5 нас

image

-3-6 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлог-

Таны хүү, охин 3-6 насандаа орон зайд хөдөлгөөнөө удирдах чадвар сайжирч сандал зэргээс үсэрч буух, бөмбөгөөр байг онож шидэх чадвартай болно. Тэд өдөржин гүйж харайж, тоглож наадна. Хөгжмийн хэмнэлд нийцүүлэн хурдан, удаан алхана, гүйнэ, өлмий дээрээ үсэрч эхэлнэ. Гүйлт бүхий тоглоом дасгалын үед хэт хөөрөлд орж хөдөлгөөн нь хяналтаас гарах тохиолдол элбэг. Энэ үед хөдөлгөөний хурд маш эрчимтэй нэмэгдэнэ.

Аливаад зорилготой, ажил хэрэгч байдлаар хандахын дээр авхаалж самбаа, тэсвэр шаардсан хөдөлгөөнт тоглоомоор тоглох дуртай. Орон зайд хөдөлгөөний чиглэлийг хурдан өөрчлөх чадвартай болно. Гүйж, харайж, үсэрч тоглох дуртай. Ялангуяа хүү тань үргэлж л гүйж явах болно.

Хүүхэд зун дугуй унах, хөл бөмбөг тоглох, морь унах, өвөл цана чаргаар гулгах зэрэг спортын төрлөөр хичээллэх дур сонирхолтой болно. Энэ насны хүүхдийн хөдөлгөөнд үсрэлт онцгой байр эзэлдэг. Үсрэх харайх хөдөлгөөн нь хүүхдийн тулгуур эрхтний тогтолцоог бэхжүүлэх, хэвлий, их бие, нуруу, хөлийн булчин шөрмөсийг чангаруулах, хөдөлгөөний эвсэл суулгах, тэнцвэрийг хөгжүүлэхэд нөлөөлдөг. Жижиг тулгуур дугуйтай дугуй унаснаар хүүхдийн хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, орон зайд өөрийн хөдөлгөөнийг бие дааж удирдах чадвар хөгжинө.

3-6 настай хүү, охины тань булчин шөрмөс нь тасралтгүй, идэвхтэй хөдөлгөөн шаардана. Нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөнд шилжих, тухайлбал гүйж яваад зүг чигээ өөрчлөх, харааны баримжаагаар хол ойрыг тодорхойлох зэргээр орон зайн төсөөлөл нь хөгжинө. Хөдөлгөөнгүй суух нь тэдний хувьд хүнд даалгавар, шийтгэл мэт байна. Энэ насны хүүхдийн хөдөлгөөний хурд нь сэтгэхүйн хөгжилтэй нягт уялдаа холбоотой.

Түүнчлэн,

3-6 настайдаа хүү, охин тань өрж байгуулах, эвлүүлэх тоглоомоор тоглох нь тэдний гар, хурууны хөдөлгөөн болон харааны зохицол, баримжаа сайжран хөгжихэд нэн тустай байх болно.

Энэ насандаа таны хүү, охин савны тагийг эргэдэн таглаж, онгойлгох, хэлхэх, түгжих, сүлжих, савхдах, юүлэх зэрэг үйлдлийг бие даан хийнэ. Улмаар жимсний хальс арилгах болон нүдэж бутлах, зуурах, нухах, сүвлэх, хайчлах, чимхэх, өрөх зэргээр гэр ахуйн ажилд, ээж аавдаа туслах дур сонирхолтой болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх