fbpx

Ээж, аавуудад

Сүүлийн үед залуус эхнэрээ амаржих үед дэргэд нь байж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь ихэсжээ. Тэгвэл энэ үеэр нөхрөө хажуудаа байлгах үгүйгээ шийдэх асуудалтай тулгарч буй хосууддаа зориулан дараах зөвлөгөөг бэлдлээ.

СУЛ ТАЛУУД: 

1. ӨВДӨЛТ НЭМЭГДЭХ

Эх амаржих үед биед нь окситосин буюу "хайрын даавар" ялгарвал төрөхийн өвдөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг. Гэвч эхнэрээ тайвшруулж, сэтгэлзүйг нь дэмжих гэж ирсэн нөхөр нь өөрөө сэтгэлзүйн бэлтгэлгүй, айж тэвдсэн байвал төрөх гэж буй ээжийн окситосиний хэмжээ нь буурч, адреналиний хэмжээ нь нэмэгдэнэ.

Эхнэр тань хэдий хугацааны турш өвдөж байж амаржих нь түүний биеийн онцлог, хүүхдийн бойжилт, орчин нөхцөлөөс хамаараад маш олон цагийн турш үргэлжлэх боломжтой. Иймд хэдийгээр нөхөр нь сэтгэлзүйн бүрэн бэлтгэлтэй ирсэн ч хажууд нь утсаа оролдоод, орж гараад байвал эхнэрт нь тийм сайхан байхгүй л байх болов уу.

2. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРОХ

Ихэнх эрчүүд эхнэрээ амаржих үед хажууд нь байснаар гэр бүлээ улам ихээр хайрлаж, илүү олон цагийг хамт өнгөрөөмөөр санагддаг гэлцдэг. Гэвч энэ үед нь хамт байсны дараа ямар ч эрч хүчгүй, эрх мэдэлгүй, сулбагар болсон эрчүүд ч цөөнгүй бий. Учир нь тэд эхнэрээ тийм их хэмжээний өвдөлт мэдэрч байхад нь олигтой тусламж ч үзүүлж чадаагүй, мөн эмэгтэй хүний амьдрал асар хүнд байгаад нь шаналдаг байна.

Та өмнө нь ийм мэдрэмжээ хуваалцаж буй эртэй тааралдаж байсан уу? Үгүй л байх. Тиймдээ ч эрчүүд энэхүү мэдрэмжээ нуусаар сэтгэл гутралд орох хандлагатай байдаг.

3. ХАЙР ДУРЛАЛ ХӨРӨХ

Хачирхалтай сонсогдож магадгүй ч хүүхдээ төрөхийг харах бэлтгэлгүй байсан эрчүүд төрөхийг нь харсны дараа эхнэрээ өмнөх шигээ гал халуунаар хайрлахаа болих эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл энэ харилцаа сайн найзуудын харилцаа болж хувирах магадлалтай юм.

ДАВУУ ТАЛУУД:

1. ХҮҮХДЭЭ ӨЛГИЙДӨН АВНА

Хүүхдээ энэ хорвоод анх хөл тавьж буй гэгээлэг, дурсгалт мөчийг гэрчлэх боломжтой. Хайртай бүсгүй нь маш их хэмжээний өвдөлтийг даван туулж буйг харах, дургүйг нь хүргэчихгүйхэн шиг олон цагаар зогсох зэрэг амаргүй давааг туулсны дараа бяцхан үрээ мэндэлж буйг өөрийн хоёр нүдээр харна гэдэг гайхалтай биш гэж үү?

2. БИЕ МАХБОД, СЭТГЭЛЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Ирээдүйн аавууд маань эхнэрээ сайхан үгсээр тайвшруулж, бүр хөгжилтэй зүйл ярьж инээлгэж ч болно. Та бүхэн маань "төрөх үед нөхрөө харахаар дургүй хүрдэг", "царайг нь харахад л уур хүрдэг" гэж бодож байж магадгүй. Гэвч амаржиж буй эхэд ийм таагүй мэдрэмж төрүүлэх нь төрөх явцыг хурдасгадаг гэж үздэг байна.

3. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ИЛҮҮ ДОТНО БОЛОХ

Сүүлийн үед аавууд хариуцлагатай байж, хүүхдийнхээ өсөлт хөгжилтийн явцад анхаарах нь ихэсжээ. Нөхрүүд эхнэрээ бие давхар болоход, эмнэлгийн үзлэгт ороход, ЭХО-д харуулахад, төрөхөд, хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд нь хамт байснаар хүүхдийн сэтгэл хөдлөл болон танин мэдэхүйн өсөлт хөгжилтөд эерэг үр дүн ажиглагдах тохиолдол бий.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх