“Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшний "ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ 5 ХУРУУНЫ ДҮРЭМ"- ийг танилцуулж байна.
Таван хурууны дүрэм нь таны хүүхдэд зарим “болохгүй” зүйлсийг маш энгийнээр ойлгоход нь тус болох юм. Тиймээс та хүүхдийнхээ булцгар хөөрхөн гарыг нь атгаж байгаад Аврагч Мазаалайн таван хурууны дүрмийг ойлгоход нь туслан зааж өгч хамтдаа суралцаарай.
Хүүхдийн тань 5 хуруу нь таны хүүхдэд дараах 5 дүрмийг сануулна.
ЦЭЭЖЛЭГЧ ХУРУУ – Ээж аав, асран хамгаалагч, хүүхдийн тусламжийн утасны дугааруудыг цээжлэх;
ХОРИГЛОГЧ ХУРУУ – Ээжээсээ өөр хүнийг биеийнхээ эмзэг, нууц газруудад хүрэхийг хориглох, хэн нэгэн ийм үйлдэл гаргасан тохиолдолд эцэг эх, багш, цагдаад мэдээлэх, итгэж болох хүнээс тусламж хүсэх;
ЯРИЛЦАГЧ ХУРУУ – Буруу зүйл хийсэн бол уучлалт гуйх эсвэл өөрт тохиолдсон зүйлээ ээж аавдаа нуулгүй хэлэх;
МЭДЭЭЛЭГЧ ХУРУУ – Хэрэв гэрээсээ хол байгаа бол өдөрт юу хийсэн, ямар хүмүүстэй уулзсан, тухайн өдрийн сэтгэл санааны байдлаа ээж, аавдаа нээлттэй ярих;
ЗӨВШӨӨРӨГЧ ХУРУУ – Гадаа гарах, найзындаа очих, танихгүй хүнээс бэлэг авах, тэдэнтэй ярилцах бол ээж, ааваасаа заавал зөвшөөрөл авах.
Сануулахад, таны хүүхэд дээрх дүрмийг баримтлах үед та ч мөн ямар хариу үйлдэл үзүүлэх, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй юм.
Жишээ нь хүүхэд тань буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйхад нь та ширүүлж, нэмж загнавал тэр гаргасан алдааныхаа талаар дахиж нээлттэй хэлэхгүй. Мөн хэн нэгэн хүн биед нь хүрсэн талаар хэлэхэд нь үл ойшоон, лавшруулан асуухгүй өнгөрөөж болохгүй юм. Иймээс хүүхэд өөрийгөө хамгаалах дээрх ТАВАН ДҮРМЭЭ баримтлахад нь томчууд ч мөн өөрсдөө үлгэрлэж, харилцан ярилцаж тус болоорой.