Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг.

Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

Бие махбодын хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодын хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салст бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

Ийм учраас дараах шинж тэмдгүүд илрэх үед яаралтай шинжилгээ хийлгэж хугацаа алдахгүй эмчлүүлэхгүй бол энэ нянгийн халдвар нь ходоодны үрэвсэл шархлаа улмаар ходоод, элэгний хавдрын шалтгаан болдог.

Үүнд:

  • Жин буурах
  • Цээж гашуун оргино, хорсох мэт мэдрэмж төрнө
  • Хоолны дур буурах
  • Дотор муухай оргих
  • Бөөлжих

Манай оронд ходоод гэдэсний замын өвчтэй хүмүүсийн дунд хеликобактерийн халдвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон.

  • Насанд хүрэгчдийн 74-82%
  • УБ хотын насанд хүрэгчдийн 69%
  • Өсвөр насны хүүхдийн 64%
  • Ходоод, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн 83-97%
  • Молекул биологийн судалгаагаар хүн амын 68%
  • Дэлхийн хүн амын 50% орчим нь Хеликобактерийн халдвар авсныг судалгаагаар тогтоосон байна.

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМУУД

Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, гар нүүрийн алчуур, ариун цэвэр сахиагүйгээс болон бусад шалтгаанаар халдварлагддаг учир гэрт нэг хүн энэ халдвартай байхад бусад хүнд маш амархан халддаг учир гэр бүлийн өвчин гэдэг. Мөн хүүхдүүд ундаа дамжуулж уух, хүнсний зүйлээ дамжуулан хазаж "хувааж" идэх нь халдвар дамжих гол шалтгаан болдог. Гэр бүлийн хэн нэгэнд энэ нянгийн халдвар илэрсэн бол гэр бүлийн бүх гишүүд шинжилгээ өгөх нь зүйтэй.

ХЕЛИКОБАКТЕРИЙН ХАЛДВАРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Хүн бүр өөрийн аягатай байх (ажил, гэр, албан тасалгаандаа)
  • Шүдний сойзоо бусадтай хольж солихгүй байх (хеликобактерийн эмчилгээ хийлгэж дууссан бол хуучин сойзоо солих) амны хөндийн эрүүл мэнддээ сайн анхаарах