Сэтгэл судлалын үндэсний төвийн Зөвлөгөөний албаны сэтгэл судлаач Г.Отгонцэцэгтэй өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог, цахим гадуурхал, дээрэлхэлт гэж юу вэ, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах нь зүйтэй зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэрээр “Цар тахлын улмаас танхимаар хичээл орохгүй, найзуудтайгаа уулзаж чадахгүй байгаагаас үүдэж хүүхдүүд харилцааны дутмагшилд орж буй тохиолдол их байна” хэмээн ярьсан юм.

-Хүүхдүүд нэгнээ дээрэлхэх явдал сургуулийн орчинд их тохиолддог гэж бид боддог. Гэтэл одоо энэ нь цахим орчин руу шилжив үү. Хүүхдүүд нэгнийгээ цахимд элдвээр доромжилж, найзаасаа хасаж, зургийг нь эвлүүлж, шоглодог гадуурхдаг тухай сонслоо?
-Дээрэлхэлт гэдэг нэг төрлийн хүчирхийлэл гэдгийг анхаарах хэрэгтэй. “Бусдад дээрэлхүүлж гадуурхагдах нь бараг л хүүхэд бүрд тохиолддог учраас даваад л гарах хэрэгтэй. Дээрэлхүүлэх явдал надад ч бас тохиолдож л байсан” гэх мэтээр хөнгөн хүлээн авч ноцтой асуудал гэж үзэхгүй байх хандлага одоо ч байсаар байна.
Бусдад дээрэлхүүлэх нь олон сөрөг үр дагавартай. Тэдгээрээс дурдвал өөрийн үнэлэмж буурах, хичээл сурлагадаа муудах, сэтгэл түгшүүр, сэтгэл гутралд өртөх цаашлаад амиа хорлох талаар бодох, өөрийгөө гэмтээхэд хүртэл хүргэдэг.
Бие махбодын хувьд стрессээс үүдэлтэй ходоод өвдөх, хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг асуудлууд үүсдэг. Дээрэлхэлт бол нийгмийн асуудал. Дээрэлхэлтийг өөгшүүлэх эсвэл тоохгүй өнгөрөөвөл цааш улам тархдаг.
Дээрэлхэлт бол бусдыг санаатайгаар хохироох гэсэн сэдэлтэй, давтамжтай, зохион байгуулалттай үйлдлийг хэлэх бөгөөд хүмүүс хоорондын харилцаанд эрх мэдэл, давуу байдлаа хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сөрөг үйлдлүүдийг хэлдэг. Дээрэлхэж буй хүүхдүүд ихэвчлэн өмнө нь бусдад дээрэлхүүлж байсан хүүхдүүд байдаг. Зарим судлаачид дээрэлхэгч хүүхэд гэр бүлийн орчинд үл хайхрах хүчирхийлэлд өртдөг эсвэл сургууль болон гэр бүлийнхээ хүрээнд тэдний хүлээлтэд хүрэхгүй байгаа мэт мэдрэмжийг авдаг, нийгмийн харилцааны чадвар сул байх нь бусдыг дээрэлхэх шалтгаан болдог гэж үздэг. Бусдыг дарамталж, дээрэлхэж, гадуурхаж өөрсдийгөө хүчтэй нэгэн мэтээр төсөөлж, бусдыг захирч, эрх мэдэлтэй байснаар өөрийн сул талаа мартдаг байна.
ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТ, ГАДУУРХАЛТ УДААН ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХ НЬ АМИА ХОРЛОХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙДАГ
-Цахим гадуурхалт гэж юуг хэлэх вэ?
-Цахим гадуурхалт бол цахим орчинд үйлдэгдэж буй дээрэлхэлтийн нэг хэлбэр юм. Цахим дээрэлхэлт гэдэг нь төрөл бүрийн цахим сүлжээг ашиглан зориудаар хэн нэгнийг доромжлох, шоглох, гадуурхаж буй сөрөг үйлдлүүдийг хэлнэ. Сургууль дээрээ дээрэлхүүлдэг хүүхэд гэртээ очоод тайван байдлыг мэдрэх боломжтой бол цахим дээрэлхэлт, гадуурхалтад өртөж буй хүүхэд байнгын тайван бус мэдрэмжийг авч байдаг.
Яагаад гэвэл дээрэлхэгч хэдэн цагт ч байсан чат явуулах, мессеж бичих мөн өөрийнх нь талаар цуу яриаг бусдад тараах боломжтой байдагтай холбоотой юм. Одоо үеийн өсвөр насны хүүхдүүдийн хувьд цахим орчин маш чухал байр суурийг эзэлдэг гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг зөв хянах, гэр бүлийн дүрэмтэй болох, тэдэнтэй нээлттэй харилцах, тэднийг тантай нээлттэй харилцах боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ утас оролдохоо боль гэж шууд хэлэх эсвэл хурааж авах тохиолдлууд их байдаг. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш бөгөөд одоо цагт огт утас хэрэглэхгүй, интернет ашиглахгүй байна гэдэг боломжгүй мэт болсон.
-Монгол улсын хувьд мэдээлэл түгээх, нөлөөллийн аян зохион байгуулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. 2017 онд “Цахим гадуурхал цаашаа” аяныг зохион байгуулсан. Мөн ekids.mn сайтаас цахим гэмт хэрэг, хүчирхийлэл, дээрэлхэлт болон цахим аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? Хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ зэрэг төрөл бүрийн цахим орчинтой холбоотой мэдээллийг авах боломжтой.
















